Бид 35 тэрбумаар музей барьтлаа БАЯЖСАН УУ?
 

Бид 35 тэрбумаар музей барьтлаа БАЯЖСАН УУ?

ТӨСӨВ-2027 цуврал сэдэв 2:

Оюутолгойгоос монголчууд бид түүхэнд анх удаагаа ногдол ашиг хүртэхээр болж, энэхүү ногдол ашгийн гуравны хоёртой тэнцэх хэмжээний мөнгө буюу 2 их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөснөө Засгийн Газар танилцууллаа.

Баялгийн санд ногдол ашгийг хуваарилж, үүнийгээ бүтээн байгуулалтад зарцуулах гэж буй нь уул шугамандаа хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа ч зүтгүүлсээр. Энэхүү ногдол ашгаар нийт 51 төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхээр төсөвлөөд буй тухай төсвийн төсөлд тусгажээ. Ингэхдээ бодит үнийн дүнгээс хэтийдсэн өндөр үнээр төсөвлөж, мөн эдгээрийг 2027 онд бүрэн санхүүжүүлж дуусгахаар төлөвлөсөн байна.

Угсаатан зүйн музей 35 тэрбум төгрөг

Төсвийн төсөлд хамгийн их анхаарал татаж буй төсөл бол Сүхбаатар аймагт Угсаатны зүйн музей барихад 35 тэрбум төгрөг төсөвлөсөн ажил. Анх 1949 онд баригдсан 2300 орчим үзмэртэй тус музейд Дарьгангачуудын уламжлалт мөнгөн урлал, хувцас гоёл, ахуй соёлын өв хадгалагддаг байна. Хэдийгээр Соёлын салбарт хөрөнгө оруулах нь зөв ч эдийн засгийн гүнзгий хямралын үед иргэдийн ногдол ашгаасаа авах ёстой мөнгийг зориуд гарын салаагаараа урсгаж байгаа юм шиг ингэж цацах нь хэр зөв бэ?

Харьцуулахад, Төв аймагт баригдаж буй музейг 18 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Тэгвэл уг музейгээс хоёр дахин бага үзмэртэй ч хоёр дахин өндөр төсөв Сүхбаатар аймгийн музейн барилгын ажилд төсөвлөөд байгаа. Зарим эх сурвалжийн мэдээллээр Угсаатан зүйн музейг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр зэрэг МАН-ын зарим улстөрчид лоббидсон гэх яриа бий. Музей, Соёлын ордон, дотуур байр, спорт цогцолбор барих нэрээр төсвөөр тоглодог ердөө нэгхэн жишээ энэ. Ерөнхий сайд Н.Учралын оруулж ирсэн төсвөөс ердөө нэг л жишээ татаж үзэхэд ийм. Үүнтэй ижил, төстэй олон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын зардал төсвийн төсөлд багтжээ.

Нэгэн цагт "Алсын хараа 2050" хэмээх зорилт тавин ажиллаж байсан экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч музей, хөшөөгөөр дагнан төсвөөр гараа угааж, баян айлын эрх жаал шиг туйлдаг байв. Саяхны нэг жишээ гэхэд 2020 онд Бэрх тосгонд Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв байгуулах төсөл олон нийтийн анхаарлыг татсан. Улаанбаатар хотоос алслагдсан, тэр дундаа аялал жуулчлалын орлого олох нь эргэлзээтэй уг төсөлд олон тэрбум төгрөг зарцуулж, Андлалын хөшөө болон Их хуралдай зэрэг цементэн төсөлд төсөв хайрлалгүй зүтгүүлж байсан жишээнээс сургамж аваагүй нь одоогийн Засгийн газрын төсвийн төсөлд тодорхой харагдана.

Цаашид Манай редакци Засгийн газрын 2027 оны төсвийн тодотголд тусгагдсан Оюутолгойн ногдол ашгаас санхүүжүүлэх бусад төслүүдээр цуврал нийтлэл бэлтгэн хүргэнэ.

Ж.Сондор

Ерөнхий сайдын төсөв: Иргэн бүрийн 857 мянгын ногдол ашиг 285 мянга ₮ болж багасав
Ерөнхий сайдын төсөв: Иргэн бүрийн 857 мянгын ногдол ашиг 285 мянга ₮ болж багасав
 
​​​​​​​Ерөнхийлөгчийн сонгууль албан бусаар эхлэв
​​​​​​​Ерөнхийлөгчийн сонгууль албан бусаар эхлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.