
ТӨСӨВ-2027 Цуврал сэдэв-1
Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирэн хэлэлцүүлж байна. Энэ тодотголд анхаарал татах маш том сэдэв байгаа нь монголчууд бид хэрүүл, маргаантай ч бүхэл бүтэн 17 жилийн дараа түүхэндээ анх удаа дэлхийд данстай Оюутолгой хэмээх алт, зэсийн аварга ордоос иргэн бүртээ ашиг хүртээх нөхцөл бололцоо бүрдсэн явдал. Харамсалтай нь Ерөнхий сайд Н.Учралын “боож” оруулж ирсэн төсвийн тодотголд нийт 3 их наяд төгрөгийн ногдол ашиг Оюутолгойн данстай. Үүний 80 хувийг иргэдэд өгөлгүй шууд л Засгийн газрын төсөвт тусгаж, янз бүрийн төсөл хөтөлбөр, гишүүд, сайд нарын тойрог дахь “бэлэг”, шахаа болж хувирах янзтай болжээ.
Учир нь, Оюутолгой ордын 3 их наяд орчим төгрөгийг 3,5 сая иргэнд хуваахад нэг хүнд тус бүр 857 мянган төгрөг ногдох байв. Харин Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын төсвийн төсөлд “Оюутолгойн хоёр их наяд төгрөгийг томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, үлдсэн нэг их наяд төгрөгийг иргэддээ хуваарилна” гэж бичжээ. Энэ нь газрын баялаг монголчуудын өмч байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй, Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг олон хууль зөрчин байж Ерөнхий сайд Н.Учрал иргэдийн мөнгийг дур зоргоороо зарцуулж байгаагийн хэлбэр болж хувирлаа. Иргэд төсвийг цоолоогүй. Иргэд төсвийг алдагдалд оруулаагүй. Улстөрчид, тэр дундаа 12 жил эрх барьсан МАН-ын төсөв л жил бүр алдагдалтай, тэр хэрээр данхайж томорсоор энэ хүрсэн.
Уг төсөвт суусан Оюутолгойн ногдол ашиг бол нийт монголчуудын газрын хэвлийн баялгийнхаа буяныг үзэх гэсэн 17 жилийн хүлээлт байлаа. Харамсалтай нь УИХ ч, Засгийн газар, бүр сөрөг хүчин хүртэл амаа таглуулсан мэт чив чимээгүй байгаа нь гайхмаар.
Загнаж зандарсан сайд нар ба төсвийн задаргаа гишүүдэд очихгүй байхын учир
Төсвийн тодотгол хэлэлцсэн өдрөөс эхлэн Сангийн сайд З.Мэндсайхан, Хэрэг Эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр гэсэн Засгийн газрыг гишүүд УИХ-ын гишүүдийг, тэр дундаа төсөвтэй холбоотой нарийн задаргаа асуусан хүн бүрийг учир утгагүй загнаж буй дүр зураг олон харагдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Та нар ардаа том болохоор дуртай хүнээ загнана гэж санасан уу?. Гудамжинд гараад иргэдийг, ордонд орж ирээд гишүүдийг загнаад сууж байгаа сайд нар ямар том болчихсон юм бэ” гэх мэтээр эгдүүцэв.
Энэ нь ч аргагүй, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц гишүүн Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Б.Энхбаяр сайдаас төсөвтэй холбогдуулан төлөвлөгөө, түүний биелэлт зэрэг энгийн асуулт асуухад, хариулаагүйгээр үл барам хашгирч, доромжилж, хуралдааныг орхин гарав. Мөн УИХ-ын гишүүн, Б.Жаргалан, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Д.Цогтбаатар нарыг Засгийн газрын сайд нар зандарч, загнах өнгө аястай байсан нь цаанаа төсөвт суусан том дүнтэй төслүүдийн талаар асуулт асуулгахгүй байлгах заль гэж хэлж болохоор байв.
Иргэдийн ногдол ашигт гар дүрэн байж Н.Учралын оруулж ирсэн төсөвт анхаарал татах зарим төсөл хөтөлбөр
15 аймагт сургуулийн дотуур байрыг 250 гаруй тэрбум төгрөгөөр, Н.Тавинбэх нарын “хулгайн замаар” оруулсан байж болзошгүй 10 аймгийн Дулааны цахилгаан станцын санхүүжилт бүхэлдээ /Одоогоор төсөвт өртөг тусаагүй/, Боловсролын тоног төхөрөмж 75 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн тоног төхөөрөмж 50 тэрбум, Сүхбаатар аймагт Угсаатан зүй музейг 35 тэрбум төгрөгийг тус тус Оюутолгойн ногдол ашгаас шууд санхүүжүүлэхээр тусгажээ. Эндээс нэг л жишээ хэлэхэд, 10 аймагт БНСУ-ын компаниудтай хамтран Дулааны цахилгаан станц барьж эхэлсэн ч гүйцэтгэгч буюу Өмнөд Солонгосын тал, захиалагч буюу Засгийн газрын зарим эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс хөрөнгө санхүүжилтыг “идэж уусан” байж болзошгүй асуудал эдүгээ ч шүүхийн шатанд явааг сануулъя. Ийм олон тансаг зардлыг иргэдийн авах ёстой ногдол ашгийг булаан байж санхүүжүүлэхээр тусгасан Н.Учралын Засгийн газар өөрсдөд нь хяналт тавих, үүрэг чиглэл өгөх чиг үүрэгтэй УИХ-ын гишүүдээ загнаж, дарамталж байгаа нь дотроо чухам юу нуусан “эксел, вордын файлууд” бүхий төсвийн тодотгол явааг таашгүй.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.