ОХУ-ын Эрхүү мужид иргэдэд аюул учруулж буй баавгайг устгах явдал эрс нэмэгджээ. 2026 оны эхнээс өдийг хүртэл 405 баавгайг устгасан байна.
Эрхүү мужийн ан агнуурын хяналтын байгууллагаас баавгайн тоо толгойг зохицуулахаар 643 баавгайг устгах зөвшөөрөл олгосноос одоогоор 405-ыг нь бууджээ. Зөвхөн есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 4-ний хооронд 91 баавгай устгасан байна. Нэг долоо хоногийн дотор баавгай үзэгдсэн тухай 461 дуудлага ирснээс 193 тохиолдлыг бодитоор баталжээ.
Эрхүү мужид энэ онд баавгайн дайралтад таван хүн амиа алдсан байна. Аравдугаар сарын 2-нд 71 настай анчин хоёр баавгайтай тааралдаж, нэгийг нь буудсан ч өөрөө амиа алдсан бол аравдугаар сарын 4-нд Казачинско-Ленскийн дүүрэгт баавгай ажилчны байрлаж байсан вагончикт орж, 55 настай эрэгтэй рүү дайрчээ. Мөн аравдугаар сарын 6-нд Качугийн дүүрэгт 81 настай загасчин баавгайн дайралтад өртөж, гэмтсэн байна.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар энэ жил тайгад самар, жимсний ургац муу, мөн түймэр, ой модны огтлолт зэрэг шалтгаанаар баавгай хоол хүнс хайж суурин газарт ойртох нь нэмэгджээ. Эрхүү мужийн агнуурын талбайд 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 22,128 хүрэн баавгай тоологдсон нь өмнөх жилийн 22,726-аас бага үзүүлэлт юм.
Н.УКА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.