
Монголын төр ОХУ-тай харилцах харилцаандаа сүүлийн өдрүүдэд хоёр ч өндөр түвшний уулзалтыг дарааллан хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 1-нд Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан бол Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо Путинтэй дахин уулзав.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх асуудлыг хөндсөн бол Ерөнхий сайдын түвшний уулзалт илүү эдийн засаг, эрчим хүч, шатахуун, тээвэр, дэд бүтцийн тодорхой асуудлууд руу оржээ.
Н.Учрал Владивостокт болсон Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, В.Путинтэй уулзахаас гадна Оросын төр, засгийн төлөөлөлтэй хоёр талын уулзалтууд хийсэн байна.
Шатахуун, эрчим хүч хамгийн түрүүнд яригдав
Энэ удаагийн уулзалтуудын анхаарал татсан хэсэг нь шатахууны нийлүүлэлт.
Монголын тал ОХУ-аас шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудлыг түлхүү тавьсан байна. Мөн Оросын талтай ДЦС-3, Асгатын уурхай, байгалийн хий дамжуулах төсөл, Монгол-Орос-Хятадыг холбох төмөр замын коридор зэрэг хэд хэдэн томоохон асуудлыг ярилцжээ.
Өөрөөр хэлбэл энэ удаагийн айлчлалыг зөвхөн “Путинтэй уулзсан” гэдгээр хязгаарлахад учир дутагдалтай.
Монголын тал Оростой харилцах харилцаагаа бодит эдийн засгийн төслүүдээр зузаатгахыг зорьж байна.
У.Хүрэлсүхийн уулзалт - стратегийн түвшин, Учралын уулзалт - хэрэгжилтийн түвшин
Ерөнхийлөгчийн түвшний уулзалт хоёр улсын харилцааны стратегийн чиглэлийг тодорхойлдог бол Засгийн газрын тэргүүний түвшний уулзалт тэрхүү харилцааг эдийн засгийн бодит ажил, төсөл рүү буулгах үүрэгтэй.
Тиймээс хоёр уулзалтыг хооронд нь салгаж харахаас илүү дараалласан дипломат үйл явц гэж харах нь сонирхолтой.
Ялангуяа Монгол Улс шатахууны нийлүүлэлт, эрчим хүчний аюулгүй байдал, төмөр зам, экспортын гарц зэрэг асуудлаар ОХУ-тай шууд холбоотой нөхцөл байдалтай байгаа энэ үед хоёр улсын өндөр түвшний уулзалтуудын давтамж анхаарал татаж байна.
Мөн Н.Учрал өмнө нь Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн асуудлыг ахалж ажиллаж байсан. Тус хэлэлцээр өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголын бараа бүтээгдэхүүнийг ЕАЭЗХ-ны зах зээлд гаргахад тарифын тодорхой хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдсэн гэж талууд мэдээлжээ.
Ингээд харахад Монголын гадаад бодлогын нэг талд Ерөнхийлөгчийн стратегийн түвшний яриа, нөгөө талд Ерөнхий сайдын эдийн засгийн хэрэгжилтийн яриа зэрэгцэж байна.
Хамгийн гол нь энэ бүх уулзалтын дараа Монголд бодитоор ямар үр дүн үлдэх вэ гэдэг асуулт.
Шатахуун тасалдахгүй байх уу? Том төслүүд урагшлах уу? Экспорт нэмэгдэх үү?
Путинтэй хийсэн хоёр уулзалтын жинхэнэ үр дүнг эдгээр асуултын хариу л харуулах бололтой.
Г.ХОНГОР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.