
Азийн наадам 2026 (Айчи-Нагоя)-ын eFootball-ийн тэмцээний үеэр Монголын баг хоцорсонтой холбоотой асуудал үүсжээ.
Монголын eFootball багийн ахлагч Энэтхэгийн багтай хийх хэсгийн сүүлийн тоглолтын бүртгэлээс 3 минут хоцорсон тул манай баг техникийн хожигдол авч, Энэтхэгийн багт хожлыг өгчээ. Ингэхдээ хоёр багийн харьцааг 0:0 хэмээн бүртгэсэн нь өрсөлдөгч багт ч мөн сөрөг нөлөө үзүүлсэн байна.
Учир нь Энэтхэгийн баг хожлыг авсан ч 0:0 хэмээх харьцаа нь тэднийг тэмцээнд цааш шалгарч үлдэх боломжийг хааж, хэсгээсээ шалгарч чадахгүй байдалд хүрсэн байна. Ингэснээр тус хэсгээс Узбекистаны баг шалгарч, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ аваад байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд Мөнх-Очирын Батманлай, Хантамирын Мөнх-Оргил нар багтсан бол Энэтхэгийн багт Данил Пател, Чинмай Саху нар байсан. Монголын багийн хариуцлагагүй энэхүү үйлдэлд Энэтхэгийн баг дургүйцэн гомдол гаргаж, зохион байгуулагчдад хандан Монголын багтай тоглолтоо хэвийн хийж, гоолын зөрүүгээр цааш шалгарах боломжоо өөрсдөө авмаар байгаагаа илэрхийлжээ.
Гэсэн ч шүүгчид болон зохион байгуулах хорооноос "Дүрэм бол дүрэм, хоцорсон бол шууд техникийн хожигдол өгөх заалттай" гэж мэдэгдэн тэдний хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Энэтхэгийн талд шүүгчдийн бүрэлдэхүүнд албан ёсоор гомдол гаргаж, шийдвэрийг дахин хянуулахад тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой. Гэсэн ч Энэтхэгийн тал уг төлбөрийг төлөхөөс татгалзжээ. Учир нь дүрэмд зааснаар хоцорсон багт заавал техникийн хожигдол өгдөг тул давж заалдсан ч шүүгчид тоглолтыг нөхөн явуулахгүй нь тодорхой байсан гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.