
Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй. Гэхдээ улс төрийн албан тушаалд бодож, төлөвлөж бэлтгэж, томилно гэдэг арай өөр ойлголт. Засгийн Газар, улс төрийн ихэнх албан тушаалтныг харвал Монголд “непо хүүхдүүдийн” эрин үе иржээ. “Непо хүүхэд” (nepo baby) гэдэг нь англи хэлний “nepotism baby” буюу “nepotism” (танил тал, төрөл саднаараа давуу байдал олж авах) гэсэн ойлголтоос гаралтай хэллэг. Энгийнээр хэлэхэд, эцэг эх нь улс төр, бизнес, урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт нөлөө бүхий хүн учраас хүүхэд нь гэр бүлийн нэр хүнд, холбоо сүлжээ, боломжийг ашиглан тухайн салбарт бусдаас илүү давуу гараа авахыг “nepo baby” гэж хэлдэг аж.
Монголд харин непотизм нэгэнт хүчээ авч, эдүгээ улс төрд жирийн нэгэн айлаас хэн нэгэн мөнгө төгрөг төлөлгүй цэвэр мерит зарчмаар дээшилж сайд, гишүүн болох ямар ч аргагүй. Ингэхийн тулд сонгуульд, сонгуульт ажилд, танил тал хүрээ, намын дэмжлэгийн бүхэл бүтэн элит хүрээлэлтэй байж, хэдэн тэрбум төгрөг зарлагадах ёстой. Ингэж гэмээнэ намын дэмжлэг саадгүй болж ногоон гэрлээр төрийн өндөр албан тушаалд тухалдаг нь хууль шиг болж. Уг нь Ардчилсан Монгол Улсын иргэн, сонгох, сонгогдох, улс төрийн ажил эрхлэх, нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй гэж Үндсэн Хуульд заажээ. Даанч амьдрал дээр “тэдний” хүрээлэлд хүрэхэд маш төвөгтэй болсныг хэдхэн жишээгээр өгүүлье.
Хунтайж нарын Засгийн Газар гэж нэрийдье
Засгийн газар. Манай Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд Н.Учрал бол тэрбумтан Н.Ням-Осорын хүү. Боловсролын салбарт олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн Н.Ням-Осорын хөдөлмөр зүтгэлийг үгүйсгээгүй ч түүний нөлөө, дэмжлэгээр хүү нь эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын зөөлөн суудалд лифтэнд суусан мэт дээшилсэн. Бас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн хүү Э.Батшугарыг Цахим хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг албан тушаалд зүтгүүлсээр томилуулж дөнгөсөн байдаг. Н.Энхбаяр гуай бусад хүүхдүүдээ ч улс төрийн уяанд сойх болсныг жиг жуг гэлцэнэ. Түүнчлэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй “Гацуурт” хэмээх компанийг үүсгэн байгуулагч Л.Чинбатын охин Ч.Номин мөн л Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажилладаг. Ч.Номин хэдэн ч Засагт дамнан сайд, УИХ-д өндөр албан тушаалаас буулгүй яваа юм бүү мэд.
Үе дамжсан хунтын системын ердөө л цөөхөн жишээ энэ. Бас “МАК” компанийн үе залгамжлагч, хөрөнгөтөн Н.Номтойбаяр энэ жагсаалтын нэлээн дээгүүр зогсох учиртай. Өчигдөр тангараг өргөсөн Хууль зүй, Дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн бол монголчуудын олон жил талхны мөнгөө залгуулж яваа “Эрдэнэт ТӨҮГ”-ыг нэгэн цагт гадаадын банканд барьцаанд тавьж, өр ширэнд оруулж явсан Ч.Ганзоригийн хүү гэдгийг монголчууд андахгүй. Ч.Ганзоригийг шүүхээс 48 сая төгрөгөөр торгосон ч түүний бэл бэнчин муугүй гэдгийг хүмүүс мэддэг.
Ингээд бодохоор үе уламжлагдан хаан ширээг залгамжилж авдаг шиг хунт, непо эрин үе Монголын улс төрийг чимээгүй хэрнээ хурдтай эзэлж байна уу даа гэж харагдана. Засгийн газарт байгаа “непо хүүхдүүд”-ээс гадна “Өсөх Зоос”-ын эзэн, алтны магнат Ч.Чинбатын охин Ч.Ундрам ч улс төрд идэвхтэй оролцох болсон. Тэр ч бас непо үеийн нэг төлөөлөл. Сайдын суудал лав түүнийг тойроогүй.
Хунтайж нарын ноёрхсон НЕПО эрин үеийн УЛС ТӨР
Непочууд зөвхөн эрх баригч МАН-д үе түрэн гарч ирсэнгүй. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн сайд асан “Фортун” буюу Н.Батбаярын охин Б.Жаргалан Ардчилсан намаас УИХ-д орж ирсэн түүхтэй. Ардчилсан намын, тэр дундаа “Ардчиллын хараацайнууд”-ын непо залгамжлагчид өөр өчнөөн бий.
Бас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр ч непо ангилалд бичигдэх учиртай.
Экс УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анар Монголбанканд олон жил удирдах албан тушаал хашсан. Бас МАН-ын туршлагатай кадруудын нэг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад хэргийн яаманд дархлагдсан гэгддэг. Бас нэгэн эмгэнэлтэй гэмээр жишээ бол непочууд эдүгээ зөвхөн ураг төрөл, ах дүүгийн хамаарлаар хэмжигдэхээ больжээ. Улс төрд гүнзгий хутгалддаг “MCS” групп гэхэд л 2024 оны УИХ-ын сонгуулд маш олон улстөрчдөд доод тал нь 100 сая төгрөгийн бэлэн хандив өргөсөн түүхтэй. Энэ нь ч бас нэг элит хүрээллийг бий болгодог. Эм Си Эсийн мандатаар шахам гишүүн болсон Ж.Баярмаа, Ж.Золжаргал, Г.Дамдинням, Д.Энхтүвшин гэсэн улстөрчид улайм цайм зөвхөн нэг компанийн эрх ашигт улайран үйлчилдэг нь тун олон жишээнээс харагдана. Бизнес-непо хүүхдүүд гэгч нь бол эд нар мөн.
Непочууд нь намын жагсаалтын урдуур чихэлдэж орж ирээд мөнгөө төлсний дараа мөн л төрөөс хамааралтайгаар баяжсан элит түвшний хөгшин улстөрчид намын генсектээ бараалхаж, байж болох хамгийн их хандив дэмжлэгийг өгснөөр саадгүйгээр шахам УИХ-ын гишүүн, цаашлаад сайдын суудлаа бэлдээд авна. Сонирхолтой нь тэд ч өөрийн улс төр дэх хаан ширээгээ хадгалж үлдэх, нөлөөгөө хэвээр авч үлдэхийн тулд үр хүүхдүүдээ эртнээс улс төрд бэлдээд эхэлсэн байдаг.
Ирэх сонгуульд непо хүүхдүүд, төрөөс тэрбумтан бологсод, Гурван үсэгт компаниудын ивээлээр хөлжигсөд ямар ч саадгүй УИХ-ын гишүүн болох байх. Харин улс төрд идэвхтэй оролцох хүсэлтэй жирийн нэгэн залууд ямар ч боломж байхгүйг Монголд бий болсон Нэн шинэ Хунтийн нийгмээс харж болно.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.