Монголын парламентыг Ө.Шижир, Х.Ганхуяг байтугай Ерөнхийлөгч тарааж дийлээгүй юм 
 

Монголын парламентыг Ө.Шижир, Х.Ганхуяг байтугай Ерөнхийлөгч тарааж дийлээгүй юм 


“УИХ тарвал таръя. Тарах санаачилгыг би гаргая” гэж УИХ-ын гишүүн Ө.Шижир мэдэгдлээ. Араас нь МАН-ын 38-ын бүлгийн гишүүн Хассуурийн Ганхуяг УИХ-ыг тараах тухай өргөдлийг D-Parliament системээр авч эхэлнэ хэмээн мэдэгдсэн. Монголын парламент тарах тухай яриа өнөөдөр анх гарч байгаа зүйл биш. Бүр Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ өөрөө УИХ-ыг тараах асуудлыг албан ёсоор тавьж байсан түүхтэй.

2018 оны аравдугаар сарын 29-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн УИХ-ын дарга байсан М.Энхболдод “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон” гэж үзэж, өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс парламентын үйл ажиллагааг шүүмжилж, УИХ өөрөө тарах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Гэвч УИХ тараагүй. Тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн саналтай санал нийлэхгүй гэдгээ албан бичгээр илэрхийлж, парламент Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, чуулган болон байнгын хороодын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэх тайлбар өгч байв.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн институц ч хүртэл оролцоод тухайн үеийн парламентыг тарааж чадаагүй.

Монгол Улс 2024 оны сонгуулиар 126 гишүүнтэй парламенттай болсон. Энэ бол 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах анхны 126 гишүүнтэй УИХ бөгөөд МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудалтайгаар байгуулагдсан. Тэгэхээр өнөөдрийн “таръя” гэдэг үг бол зүгээр нэг 76 гишүүний тухай яриа биш. 126 гишүүнтэй, таван улс төрийн намын төлөөлөл бүхий одоогийн парламентын бүрэн эрхийн тухай асуудал юм. Товчхондоо Ө.Шижир, Х.Ганхуяг нарын ганц 2 гишүүн дугараад 5 намтай УИХ-ыг тарааж чадахгүй жулдана. Женко Баттулга ч дийлээгүй юм.

УИХ хугацаанаасаа өмнө тарвал юу болж мэдэх вэ?

УИХ бол 126 хүний суудал төдий биш. Монголын иргэд бүх нийтийн сонгуулиар сонгож байгуулсан, хууль тогтоох төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг үндсэн институц. Тиймээс өнөөдрийн гишүүдийн үйл ажиллагааг шүүмжилж болох ч УИХ-ыг тараах асуудал нь “гишүүдэд дургүй байна, тэгэхээр дахин сонгууль хийе” гэдэгтэй адил энгийн асуудал биш.

Эндээс өнөөдөр нэг чухал зүйл харагдана. Ерөнхийлөгч санал гаргалаа гээд парламент автоматаар тардаггүй. Үндсэн хуульд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосон тохиолдолд УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болохоор зохицуулсан.

2020 онд Непалын Ерөнхий сайд К.П.Шарма Оли парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль зарласан нь улс төрийн томоохон хямрал дагуулсан. Дараагийн саруудад олон арван мянган хүн жагсаж, парламент тараасан шийдвэрийг эсэргүүцсэн. 2021 оны хоёрдугаар сард парламент тараасныг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялтын үеэр мөргөлдөөн гарч, дор хаяж зургаан хүн гэмтэж, 157 хүн баривчлагдсан талаар Reuters агентлаг мэдээлж байв.

Тайландын түүх ч сургамжтай. 2013 онд Засгийн газрын эсрэг олон сарын турш үргэлжилсэн томоохон жагсаалын дараа Ерөнхий сайд Йинглак Шинаватра парламентын доод танхимыг тарааж, шинэ сонгууль зарласан. Гэвч энэ нь улс төрийн хямралыг шууд намжаагаагүй. Эсэргүүцэл үргэлжилж, улмаар 2014 онд цэргийн эргэлтээр төгссөн улс төрийн маш хүнд хямралын нэг хэсэг болсон. Reuters Тайландыг сүүлийн хоёр арван жилд олон нийтийн жагсаал, шүүхийн шийдвэр, Засгийн газрын огцролт, цэргийн эргэлт давтагдсан улс төрийн тогтворгүй байдлын түүхтэй гэж тоймлосон байдаг.

Мэдээж “парламент тараана = үймээн гарна” гэсэн автомат томьёо байхгүй. Парламентын хугацаанаас өмнөх сонгууль олон оронд тайван явагдсан жишээ ч бий. Гол эрсдэл нь парламент тарах шийдвэр өөрөө бус, түүнийг дагасан хууль ёсны маргаан, намуудын зөрчил, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх, төрийн институцүүдийн хоорондын сөргөлдөөн юм.

Парламент бол төгс институц биш. Гэхдээ парламентын асуудлыг парламентыг нураах замаар шийдэх үү, эсвэл парламент доторх хариуцлага, хяналт, сонгуулийн механизмаар шийдэх үү гэдэг нь Монголын төрийн тогтвортой байдалтай холбоотой том сонголт билээ.

Б.Ука

Их Британи Ирантай холбоотой бүлэглэлүүдийн заналхийллийг тэвчихгүй гэв
Их Британи Ирантай холбоотой бүлэглэлүүдийн заналхийллийг тэвчихгүй гэв
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.