
Монголын улс төрд эрх мэдлийн оргил булаалдах тэмцээн хэзээ ч дууссангүй. Аливаа нэгэн нам, улс төрийн фракц хоршил болон хоёр, гурав хуваагдан хагаралдсаар сонгуулиас сонгуультай золгоно. Энэ дунд “ялсан” тал буюу эрх мэдэлд арай гэж хүрсэн нэгэн нь нөгөө бусдыгаа хууль, хүчнийхнээр айлгадаг, дарамталдаг, үндэслэлгүй хорьж шалгаж, ямар нэгэн хэргээр эрүү үүсгэн хонгилоор чирэх парадокс мөнх үргэлжилнэ..
Н.Энхбаяраас эхэлсэн хонгилын схем
Анх Н.Энхбаярын Ерөнхийлөгчөөр ажиллах үед хууль сахиулах байгууллагад эрүүдэн шүүх, дарамтлах, эрх мэдэл албан тушаалаар бусдыг дуугүй болгох хандлага ажиглагдаж байв. Тэрээр 2007 онд №63-р зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналын үндсэн дээр захиргааны хэргийн шүүгч нарыг томилсон. Эндээс эхлэн улс төрийн хүрээний өрсөлдөгчдөө намнах ажиллагаа Ерөнхийлөгчийн институциэс голчлон “хонгил угсрах” гэсэн нэршилтэй хөврөх болов. Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн бүлэг ордын уурхай, хот, нийслэлийн газрыг зарах их марафон, цаашлаад хууль хүчний өндөр дээд суудалд залрах гэсэн “генерал, хурандаа” нарын уралдаан Монголын улс төрд нэг ийм легитим бус анархизм маягийн соёл, зэрлэг, бүдүүлэг дээрэнгүй дур зоргоор аашлах хөшигний цаадах бохир нийгмийн суурийг ид цутгаж байв. Н.Энхбаярын үед томилогдсон нам улс төрийн сайд, агентлагийн дарга нар болон хууль хүчнийхэн ихэнх нь “томрох” эхлэлээ энэ л үед тавьжээ. Ингээд сонгууль болж 2012 онд Ерөнхийлөгчөөр өөр эрхэм сонгогдов.
Ц.Элбэгдоржийн төгөлдөршил
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо өөрийн хонгилдоо ёстой л дураараа аашилсан. Тэрээр өөрийн намын анд, дотны нөхөр Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокурор, Батын Хурцыг АТГ-н дарга, Тагнуулын дарга, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг гэхчлэн хууль хүчний байгууллагын удирдлагыг бараг бүхэлд нь өөрөө томилов. Өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярын оймсыг их дуулиан шуугианаар гозолзуулсан тэрээр сөрөг хүчнээ цагдаа, цэргийнхнээр ёстой “гөлөг” болгов. Тэгээд зогсохгүй нам дотроо ч ид бяраа гайхуулж, хадаг барьж орж ирснийг ивээж эсрэг үг хэлснийг ниргэх шиг боллоо. Ц.Элбэгдоржийн галзуурлын хамгийн том хохирогчдын нэг бол тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ойр тойрныхон. Ихэнхийг нь “нүүрсний” гэх хэрэгт хонгилдсон түүх арилаагүй, Н.Алтанхуягийн хувьд “шархтай” сэдэв хэвээр байдаг.
Мөн С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт холбогдуулан олон ч хүнийг татан шалгаж эхэлсэн бөгөөд энэ бүхний ард улс төрийн хоёр том намын эрх мэдэл, Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх ширүүн тэмцэл өрнөж байлаа. Мөн томоохон групп компаниуд улс төр дэх лоббигоороо дамжуулан стратегийн томоохон орд газруудыг өмчлөн авах, баялгийн дахин хуваарилалт гэмээр их хөдөлгөөн өрнөсөн гэхэд болно. Өнгөн дээрээ шударга ёс, хууль сахиулах чиглэлээр сурталддаг тэрээр хожим өөрийнх нь халааг авсан Х.Баттулгын ойрын хүрээнийхнийг мөн л шорон гяндан, залхаан цээрлүүлэлт, байцаалт, эрүүгийн хэргээр чангаан, оролдож байсан цаг саяхан.
Х.Баттулгын өшөө авалт тоглоомын дүрмийг хүндрүүлсэн нь
Хоржоонтой гэх үү, үйлийн үр гэмээр үү Монголын улс төр дэх өс хонзогнол, өшөө авалт, хор шар, дотоод гадаад тэмцэл улам ширүүссэн цаг хугацаа бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан нам, тэр дундаа МОАХ-ны фракцийн гэх тодотголтой Халтмаагийн Баттулга байв. Түүний хувьд өмнөх жилүүдэд өөрийн намын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн улс төрийн шууд шахалтанд байсан гэхэд болно. Ингээд “Арслантай тамга” атгасан Х.Баттулга Ерөнхийлөгчийн албаа авмагцаа л улс төрийн өшөө авалтын их авд гарч, Ц.Элбэгдоржийн бүх л томилгоог зайлуулж улмаар өнгөрсөн жилүүдийн өс хорслоо тайлж эхлэв. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа өөрийн улс төрийн үзэл бодол таардаггүй бүх хүнийг шахам орон шоронд суулгаж, нэг ёсны дарангуйллын хиншүү хярвас үнэртүүлэх боллоо. Түүний засаглалын үед М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат гээд улс төрийн томоохон нэрс Шүүхийн танхимд “Монгол Улсын нэрийн өмнөөс”-өө уншуулсан түүхтэй.
Харин одоо?...
“Голомт”-ын гэх тодотголтой Д.Баясгалан, Худалдаа Хөгжлийн банкны үүсгэн байгуулагч “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал гурвыг тойрсон улс төр Монголын нийгэмд тогтмол, байнга инерц үүсгэж байдаг талаар саяхны нэгэн экс хотын дарга алс холын Канад улсаас постолжээ.
Үнэхээр ч тийм гэмээр зүйлс олон ажиглагдана. МАН 12 жил завсаргүй засаглахдаа дотроо олон ч бүлэг, фракцад хуваагдан өөрчлөгдөж тэр бүртээ нэг намын даргаа зайлуулж, Ерөнхий сайдын суудал, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээр оролдож ирэв. Энэ бүхэнд дээрх “гурван үсэгт компаниуд”-ын эрх ашиг байнга өндөлзөх нь ёс мэт. Яг одоо бол МАН 38:30-ийн бүлэг хэмээн ил тод хагаралдсан бөгөөд эдүгээ ид хямарч буй. Тэгвэл дахиад л энэ хагарлын ялагч тал нь ялагдагч талаа хуулийнхнаар айлгаж, бараг л эсрэг талын бүхнийг Тагнуул, АТГ-р шалгаж дарамтлах нь хэвийн зүйл болжээ. Сүүлийн үед янз бүрийн бичиг цаасаар далимдуулж хонгилдолгүй шууд л “Эх орон тусгаар тогтнолыг хагалан бутаргасан” зүйл ангиар нэлээн олон жилийн ялтай хэрэг тулгах болов. Үүний жишээ нь хотын дарга асан Х.Нямбаатар, “Хэро” энтертайнментын найруулагч Б.Баатар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ зэрэг хүмүүст адилхан зүйл ангиар хэрэг үүсгэсэн гэх. Энэхүү нийтлэлдээ эдгээр хүмүүсийг өмөөрөөгүй бөгөөд олон жилийн турш “ах нарын” боловсруулж ирсэн хонгилын систем жилээс жилд төгөлдөршиж, ер нь л тэрслүү үг хэлсэн хүн бүрийг шорон, гяндангаар айлгадаг соёл тогтох байгаа юм биш биз?
Б.Өгөдэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.