
Сэлбэ голын ай сав газар, Дунд голын эрэг дагуу буюу ундны усны онцгой хамгаалалттай бүсэд баригдсан "Авлига хороолол" буюу "Акуа Гарден" ашиглалтад орж, оршин суугчдаа авч эхэлжээ.
Нийт 660 айлын энэхүү орон сууцны хорооллын барилгын ажлыг зогсоох, шугам сүлжээг хязгаарлах, зарим хэсгийг нураах болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлаар төрийн байгууллагууд болон иргэдийн дунд олон маргаан, шүүмжлэл өрнөж байсан түүхтэй. Гэсэн ч тэд барилгаа буулгах нь бүү хэл оршин суугчдаа авч эхэлсэн байна.
2023 оны зуны их үерийн дараа тухайн үеийн Хотын Засаг дарга Д.Сумъяабазар хотын усны болон үерийн хамгаалалтын бүсийг зөрчсөн гэдэг шалтгаанаар уг барилгыг албадан нураах, газрын зөвшөөрлийг цуцлах захирамж гаргаж байсан.
Одоогийн Хотын дарга Д.Пүрэвдагва "Акуа гарден хорооллын асуудал хуулийн байгууллагаар шийдэгдэх хүртэл ямар нэгэн арга хэмжээ авах, дэд бүтцэд холбох боломжгүй" хэмээн мэдэгдэж байсан. Харин уг хороолол цахилгаанд холбогдсон байгаа талаар УБЦТС ТӨХК-иас тус хотхоныг төвийн цахилгаанд холбоогүй, хувийн цахилгаан түгээх станцаас цахилгаанаа авсан байх магадлалтай гэх тайлбар өгчээ.
Тус компанитай холбоотой шүүхийн маргаан одоог хүртэл дуусаагүй байгаа ч ийнхүү барилга ашиглалтад орж, хэнд ч дийлдэшгүй гэдгээ дахин тунхаглав.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.