
-Тувагаас Монголын баруун бүсээр дамжин Хятадын Шинжаанд хүрэх төмөр замын төслийг гурван улсын ажлын хэсэг нарийвчлан судална-
Орос, Монгол, Хятад гурван улсыг Монголын баруун нутгаар холбох шинэ төмөр замын коридорын төсөл дараагийн шатандаа шилжиж байна гэж ОХУ-ын Интерфакс агентлагт бичжээ.
Монгол, Оросын талууд уг төслийн зураг төсөл, техникийн шийдэл болон санхүүжилтийн нөхцөлийг нарийвчлан боловсруулах гурван талт ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон талаар хойд хөршийн эх сурвалжууд бичиж байна. Ажлын хэсэгт Хятадын төлөөлөл мөн оролцох юм байна.
Энэ асуудлыг Шадар сайд Н.Номтойбаяр, ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук нарын уулзалтын үеэр хэлэлцсэн бөгөөд Монголын тал баруун төмөр замын коридорыг бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Төмөр зам хаагуур дамжих вэ?
Төслийн одоогийн яригдаж буй хувилбараар шинэ коридор нь ОХУ-ын Тувагаас манай улсын Увс, Ховд аймгаар дамжин БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронтой холбогдох чиглэлтэй аж. Маршрутыг дэлгэрүүлбэл, ОХУ-ын Тувагаас Арцсуурийн боомтоор нэвтэрч, Увс, Ховд аймгаар дамжин Булган сумаар Хятадын Такашикэн, Шинжаан чиглэлтэй тавигдах босоо тэнхлэгийн төмөр замын зураг юм. Уг төсөл олон жил яригдсаны эцэст ийнхүү ажил хэрэг болох шатандаа оржээ. Манай талаас Арцсуурийн боомтоор ОХУ-тай, Ховд аймгийн Булган боомтын чиглэлээр Хятадтай холбогдох хувилбар хамгийн ойр бөгөөд төсөвт өртөг хэмнэхээр байгаа юм.
Мөн ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн мэдээлснээр Орос, Монголын эрдэмтэд Арцсуурь–Улаангом–Ховд–Бүрэнхайрхан чиглэлд газар орны судалгаа хийж, шинэ төмөр зам байгуулах техникийн боломжийг үнэлсэн байна.
Орос–Монгол–Хятадын худалдааны шинэ гарц
Шинэ коридор хэрэгжсэнээр Монгол Улсын баруун бүсээр дамжин Орос, Хятадыг холбосон төмөр замын шинэ маршрут бий болох боломжтой. Манай улсын хувьд энэ нь баруун аймгуудын тээвэр, ложистикийн дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна Орос–Хятадын хоорондын транзит тээврийн урсгалд оролцох шинэ боломж болж болох юм.
Засгийн газрын мэдээллээр баруун коридор нь баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих, гурван улсын худалдааны урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Хятад улс төслийг дэмжих байр суурь илэрхийлжээ
ОХУ-ын Интерфакс агентлагт бичсэнээр Хятадын тал уг санаачилгад эерэг байр суурь илэрхийлсэн байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь Хятадын дараагийн таван жилийн хөгжлийн бодлоготой уялдах боломжтой аж. Ингэснээр шинэ коридор нь зөвхөн хоёр улсын хил дамнасан төмөр зам бус, Орос–Монгол–Хятадын гурван талт тээврийн сүлжээний нэг хэсэг болох боломжтой болж байна.
Төслийн техникийн боломжийг газар дээр нь судлах ажил аль хэдийн хийгдэж эхэлсэн байна.
ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн мэдээлснээр Орос, Монголын эрдэмтэд хамтарсан экспедиц зохион байгуулж, баруун чиглэлд Арцсуурь–Улаангом–Ховд–Бүрэнхайрхан чиглэлд газар орны нөхцөл, төмөр зам тавих боломжийг судалжээ.
Тус судалгааны маршрутыг Орос, Монгол, Хятадын хоорондын худалдаанд ашиглаж болох хамгийн богино хуурай замын чиглэлүүдийн нэг байж болзошгүй гэж тодорхойлсон байна.
Гэхдээ шинэ төмөр замын төсөл бодит бүтээн байгуулалтын шатанд хараахан ороогүй байна. Одоогоор гурван улсын ажлын хэсэг байгуулах замаар маршрут, зураг төсөл, техникийн шийдэл болон санхүүжилтийн нөхцөлийг тодорхой болгохоор ажиллах гэж байна.
Тиймээс төслийн дараагийн чухал алхам нь төмөр замын эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр болон гурван улсын хил дамнасан тээврийн зохицуулалтыг тодорхой болгох явдал юм.

Монгол Улс транзит тээврийн зангилаа болох уу?
Баруун төмөр замын коридор бодитоор хэрэгжвэл Монгол Улсын газарзүйн байрлал эдийн засгийн шинэ боломж болж хувирах нэг нөхцөл бүрдэх юм. Тува–Арцсуурь–Увс–Ховд–Шинжаан чиглэлээр төмөр замын шинэ холбоос бий болсноор Орос, Монгол, Хятадын хоорондын худалдаа, логистикийн сүлжээний нэг шинэ салаа Монголын нутгаар дамжих боломжтой.
Гурван улсын ажлын хэсэг байгуулагдаж, техникийн болон санхүүгийн нөхцөлийг тодорхой болгосны дараа төслийн бодит хэрэгжилтийн талаар илүү тодорхой мэдээлэл гарах юм.
Эх сурвалж: Interfax, ОХУ-ын Газарзүйн нийгэмлэг, Монгол Улсын ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.