
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүд бараалхаж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төсөл”-ийг зээлээр хэрэгжүүлэхээр болсон.
Тус төслийг хэрэгжүүлэхийн тулд манай улс 158.284 тэрбум иен буюу төгрөгөөр 3.62 их наяд төгрөгийн зээл авахаар болоод байгаа билээ. Тэгвэл 2028 оны 3 дугаар сард тендер нь зарлагдаж, өргөтгөлийн ажлыг одоогоос 7 жилийн дараа буюу 2033 оны 12 дугаар сард дуусгахаар төлөвлөжээ.
40 жилийн хугацаанд эргэн төлөгдөх уг зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил бол жилийн 1.1 хувийн тогтмол хүү төлөх аж. Энгийнээр тооцоолбол бид жил бүр 120-160 орчим тэрбум төгрөгийн зээл эргүүлэн төлнө гэсэн үг юм.
2028 оны 3 дугаар сард тендер нь зарлагдах уг төслийн хүрээнд шинэ зорчигчийн терминалын барилга барих, онгоц явж хөөрөх, такси зам, зогсоолын талбай, автомашины зогсоол болон нэвтрэх замыг хөгжүүлэх, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх аж.
Ингэснээр жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газраас мэдээлээд байна.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.