
Хүнс, хөдөө аж ахуй, малын түүхий эд, газар тариалан, улаан буудайн тариалан зэрэг Монгол улсын хүнсний гол эх үүсвэр. Иймдээ ч аж ахуй нэгжүүдэд хамгийн их зээл, тусламж, хөтөлбөр аянаар төр засаг хамгийн их дэмжлэг үзүүлдэг.
Тэгвэл тус санхүүжилт хүрэх ёстой хүндээ хүрч чадахгүй байгаа нь нэг л өдөр болсон сонсголоор гарч ирлээ. Жишээ нь УИХ-ын гишүүн Л. Мөнхбаясгалан “Хамгийн их мөнгө зарцуулсан хугацаа бол сүүлийн гурван жил байна. Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо”, “Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар-4” аян нийт дүн нь 2.6 их наяд төгрөг зарцуулсан.Тийм атал 2027 онд дахин 281 тэрбумын дэмжлэг авна гэж төсөв дээр оруулж ирсэн. Хүнсний ногооны урамшуулалд 54.7 тэрбумыг авна гэж улсын төсөв дээр оруулж ирсэн байна” гэв. Ийнхүү сүүлийн 18 жилд их хэмжээний хөнгөлөлттэй зээл энэ салбар руу урсаж байгаа. Ялангуяа Ж.Энхбаяр ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаанд “Атар-4”,“Хүнсний хувьсгал”,“Цагаан алт” зэрэг хөтөлбөрөөр 2.4 их наяд төгрөгийн зээл олгож, их хэмжээний төгрөг зарцуулжээ. Энэ тухай Л.Мөнхбаясгалан мэдэгдэлдээ дурдаж олон нийтэд мэдээлэв.
Мөн “Хүнсний хувьсгал”-ын нийт 1.2 их наяд төгрөг зээлийн 70 хувь буюу 884 тэрбум төгрөгийг 288 зээлдэгч, “Атар-4”-ийн 450.6 тэрбум төгрөгийг 138 зээлдэгч, “Цагаан алт”-ын 319 тэрбум төгрөгийг 34 зээлдэгч авсан тухай хэвлэл мэдээллээр мэдээлсэн байдаг. Үүнээс үзэхэд энэхүү гурван хөтөлбөрийн нийт 61-73 хувийг хэдхэн зуун зээлдэгчид очсон байна. Нийт 2.4 орчим их наяд төгрөгийн зээлээс ойролцоогоор 1.65 их наяд нь 69 орчим хувь буюу ердөө 460 орчим зээлдэгчид очсон гэх.
Өөрөөр хэлбэл цөөн этгээд өндөр дүнтэй зээл авсан гэсэн үг. Зорилго болон бодит үр дүнгийн зөрүү ингэж харагдаж байгаа юм. Ийм хөтөлбөрүүд ихэвчлэн жижиг, дунд үйлдвэрлэгч, тариаланчид, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой байдаг. Харин зээл цөөн хэдэн томоохон зээлдэгч нарт төвлөрсөн нь дэмжлэг зорилтот бүлэгт бүрэн хүрсэн эсэх эргэлзээтэй.
Зээл цөөн зээлдэгчид төвлөрөх тусам тэдний төлбөрийн чадвар муудах банк, санхүүгийн систем болон хөтөлбөрийн санхүүжилтэд учрах эрсдэл ихэснэ. Нэг том зээлдэгч төлбөрөө төлөөгүй ч алдагдал ихээр гарах магадлалтай. Энэ нь хариуцлага, ил тод байдлын асуудал. Ж.Энхбаяр Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Тэргүүн шадар сайдаар томилогдоод хоёр дахь засгийн нүүр үзэж байна. Гэтэл хүнс хөдөө аж ахуйн салбарын хөнгөлттэй зээлийг хаа хамаагүй урсгаж, хүрэх ёстой эзэндээ очоогүй нь ердөө нэгхэн өдрийн сонсголоор илчлэгдэв. Түүнчлэн хамгийн их дэмжлэг авсан ААН-үүд түлхүү сэлэнгэ, төв аймаг гэх газрууд байгааг хүртэл онцолсон. Ийнхүү хувийн үзэл бодлоор өнгө дагаж зээлээ олгодог болтойм. Арга ч үгүй биз нутаг нуга яригддаг биз. Тэгвэл эдийн засгийн бодлогоо энэ хүнд атгуулах нь зөв байсан уу. Монгол Улсын мөнгөн урсгалыг боддог толгой яамыг Сэлэнгэ нутгаасаа холдоогүй Ж.Энхбаяр шийдэж, инфляц 12.5 хүртэл нэмэгдэж байгааг тоо өөрөө харуулж байна.
18 тэрбумаар УГЖУУЛСАН Гацуурт Л.Чинбат
Муу л юм бол хойд хар овоохой гэдэг шиг Гацууртын Чинбатын нэр дурдагдахгүй газар үгүй. Төрөөр угжуулж энэ хүрсэн Чинбатын хувийн компани нь бараг улсынх болтлоо төсөл хөтөлбөрүүдийг самнадаг бололтой. Өөрөөр хэлбэл хяналтын сонсголын үеэр нэг өмчлөгч бүхий 13 аж ахуй нэгж “улаанбуудайн” урамшууллаас 18 тэрбум төгрөг авсан гэдгийг дурдсан. Төрөөс тариаланчдын үйлдвэрлэсэн хүнсний улаан буудайг дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлэхэд нь тонн тутамд мөнгөн урамшуулал олгодог. Зорилго нь дотоодын хэрэгцээгээ өөрөө хангаж, тариаланчийг дэмжих юм. Иймд 2008-2025 оны хугацаанд 279.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 11 мянга 829 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Энэ дунд Чинбатын овог гэхэд буруудахгүй Гацуурт ХХК, Гацуурт хүнс ХХК, Сэлэнгэ Алтанговь, Шаргал тариа, Номгон буудай ХХК зэрэг Чинбатын эзэмшлийн 13 компани байгаа юм.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.