
Эхний өдөр 51.7 хувийн ирцтэй эхэлсэн нийтийн сонсгол хоёр дахь өдөр ирц хүрээгүйн улмаас цуцлагдлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 6 их наядыг хянан хэлэлцэх уг сонсголын даргалагчаар М.Мандхай ажиллаж байгаа.
Ийнхүү эхэлсэн сонсгол нэг л өдөр үргэлжлэв. Угтаа 18 жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн “Хүнсний хувьсгал”, “Атар-4”, ноолуур бэлтгэл, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг хэд хэдэн сангуудыг ухах юм.
ХХААХҮ-ийн салбарын тус сонсгол түүхэндээ анх удаа ирцийн бойкотод оров. 2023 оноос болж ирсэн сонсгол түр хороо дундаасаа тасалдаж байсан түүх үгүй. Түүнээс хойш энэ анхны тохиолдол боллоо.
Жишээлбэл, 2023 оны “Нүүрсний сонсгол” тухайн үедээ бугласан олон хулгай луйврыг таслан зогсоох эхлэл болсон. Харин өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нүүрлэсэн их зээл, хулгай луйврыг нийтэд ил тавих “оролдлого” болон үлдэв.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийх нь өөрөө амар хялбар, дардан биш. Иймээс зангаргатай, зүтгүүртэй хүнийг томилох ёстой байсан мэт харагдана. Үндсэндээ М.Мандхай нотлох баримтаа бүрэн бүрдүүлж чадалгүй, хангалттай шинжлэн судлаагүй нь илт.
Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Энэ ч утгаараа бидний төлдөг татварыг зөв зүйтэй зарцуулах тайланг тавих ёстой. Ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд уг сонсгол нь чухал нөлөө үзүүлнэ. Гэтэл М.Мандхай гэдэг буруу дүрээ сонгосоноор өнөөдөр ил гарч болохгүй тоо томшгүй “но” дарагдах магадлалд хүрэв.
Түүгээр ч барахгүй уг сонсгол нь олон нийтэд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хангаагүй зөвхөн Монголын үндэсний олон нийтийн телевиз болон парламент цахим хуудсаар дамжуулан түгээгдсэн нь өөрөө алдаатай зохицуулалт байв. Өмнөх жилүүдийн сонсголуудаас үзвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хязгаарласан тохиолдол байгаагүй. Ингэхээр уг сонсголын цаадах үнэн илчлэгдэх боломжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.