
Ерөнхий сайд Н.Учралын өрөөнд МАН-ын 30-ийн бүлгийн гишүүд уулзаж, намын дотоод асуудлаа шийдвэрлэж байна.
Эрх барьж буй нам нам доторх асуудлаа шийдэх шаардлагатай болоод буй энэ үед Боловсролын сайд Л.Энх-Амгаланг хэрхэх талаарх асуудал мөн хөндөгдөөд байна.
МАН-ын генсек асан Д.Амарбаясгалан өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн "увайгүй" үйлдэл Засгийн газрыг огцруулах хүртэлх хэмжээнд очсоныг хурцаар шүүмжилсэн. Харин МАН-ын бүлэг хоорондоо учраа олохоор хэлэлцэж буй энэ үед Л.Энх-Амгаланг сайдаас нь огцруулах бус, харин уучлалт гуйлгах арга хэмжээ авахаар болж буй бололтой.
Ерөнхий сайдын өрөөнд орсон гишүүдийн дунд Л.Энх-Амгалан гишүүнд "түгжилмаа" хэмээн цоллуулсан А.Ариунзаяа, О.Саранчулуун гишүүд ороод буй. Л.Энх-Амгалан сайд уучлалтаа олны нүдэнд бус хувьчлан гуйна гэх мэдээлэл цацагдаад буй. Харин эмэгтэй гишүүд түүнийг олон нийтийн өмнө уучлалт гуйхыг шаардаад байгаа бөгөөд Н.Учрал Л.Энх-Амгаланг олон нийтийн өмнө уучлалт гуйхыг шаардаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Ж.Сондор