/2024.07.16/
Нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон санхүүгийн салбарын байгууллага, холбоодын удирдлагууд оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд бухын дүрслэлийг хэрэглэж, улсынхаа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хүч чадал, ололт, амжилтыг бэлэгшээдэг уламжлалтай. Энэхүү жишгээр манай улсын хувьд санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зэх зээлийнхээ өсөлт, хөгжлийг бэлэгшээж бухын дүрслэл бүхийхүрэл хөшөөг өөрийн орны ёс заншлыг шингээн урлаж бүтээсэн нь өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна.Ийнхүү санхүүгийн салбарт хүчин зүтгэж буй нийт ажилтан, энэ салбарт хувь нэмрээ оруулж буй хүн бүрт зориулж Улаанбаатар хотынхоо энэхүү хэсгийг “Санхүүчдийн талбай” гэж нэрлэж түүн дотроо салбарынхаа онцлогийг шингээсэн бухын хөшөөг босгосон нь томоохон үйл явдал болж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр нийслэлд өнгө нэмж, иргэд, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна гэлээ.
Энэ жил Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 100 жил, Даатгалын салбарын 90 жилийн ой тохиож байгаагаас гадна Санхүүгийн зохицуулагч байгууллага ялангуяа хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа юм.
Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон энэхүү хүрэл хөшөөг уран бүтээлч Ж.Цолмонхүү, Д.Анхбаяр, Д.Ариунболд, Б.Лхагважав, Н.Саруул-Оргил, О.Жамьяантүвдэн болон Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид бүтээсэн байна.
Эх сурвалж СЗХ