У.ХҮРЭЛСҮХ: Ахлагч бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.ХҮРЭЛСҮХ: Ахлагч бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч байдаг

/2024.03.06/: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.

Тэрээр “Монголчууд бидний түүхэнд эв нэгдэл эрхэм чухал болохыг сургасан Алунгоо хатан, дэлхий ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрнийг цогцлоон байгуулалцсан Өүлэн эх, Бөртэ Үжин, Мандухай Сэцэн Хатнаас эхлээд эдүгээ цагийг хүртэлх төр нийгмийн болон цэргийн олон нэрт зүтгэлтэн эмэгтэйчүүдээрээ монголчууд бид бахардаг.

Өнөөдөр ч үндэсний аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай үйл хэрэгт эмэгтэйчүүд маань эрчүүдтэй мөр зэрэгцэн өдөр, шөнийг үл хайхран халуунд халж, хүйтэн хөрж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эмэгтэй хүний ажигч гярхай, өндөр мэдрэмжтэй, тэсвэр тэвчээртэй, уян хатан чанар нь мэргэшсэн төрийн тусгай албанд зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд тэд байгууллагын соёл, хамт олны эвсэг дулаан харилцааг бүрдүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж байдаг билээ.

Аливаа маргааныг эв зүйгээр шийдвэрлэх, гамшиг, дайн зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгсдийг хамгаалахад эмэгтэйчүүдийн зөөлөн ур чадвар чухал болохыг дэлхийн энхийн төлөөх хүмүүнлэгийн ажиллагааны туршлага нотлон харуулсаар байна.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын эмэгтэй энхийг сахиулагчдын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын хувийг дэлхийд үлгэрлэх хэмжээнд нэмэгдүүлнэ хэмээн хэлсэн.

Өнөөдөр Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт эрэмбэлэгдэн, цэнхэр дуулгатан бүсгүйчүүдийн маань мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт олон улсад өндрөөр үнэлэгдэж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна.

Ахлагч бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч бөгөөд эдгээр байгууллагуудын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх тэднээс шууд хамааралтай байдаг.

Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, тэднийг чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгэм хамгааллын хувьд албандаа тууштай ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх асуудал төр засаг, мэргэжлийн удирдлагын төв байгууллагын бодлого, үйл ажиллагааны цөмд байх чухал асуудал мөн.

Эдүгээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлж байгаа бөгөөд тэдэнд тулгамдаж байгаа олон асуудал шийдлээ хүлээж байна.

Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байгаа нь тэднийг төрийн тусгай албанд бүрэн дүүрэн ашиглахгүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж болно.

Мөн эмэгтэй ахлагч нарыг мэргэжлийн түвшинд бэлтгэх боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудал чухлаар тавигдаж байгааг анхаарах нь зүйтэй.

Сүүлийн 3 жилд эмэгтэй ахлагч нараас гадаадад мэргэжил дээшлүүлсэн 21, гадаад хэлний дамжаанд суралцсан 130 гаруй, магистр 93, доктор ганцхан байгаа нь чамлалтай үзүүлэлт юм.

Түүнчлэн жилд дунджаар 100 хүрэхгүй эмэгтэй ахлагчид иргэний мэргэжил эзэмшүүлж байгааг удирдах бүрэлдэхүүн анхааралдаа авахыг онцлон тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд бид эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурал, гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт зэрэг олон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулсан.

Мөн энэ онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна.

Өнөөдрийн энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт нь Та бүхний өмнө тулгамдаж буй аливаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ярилцаж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын ажил үйлсийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Та бүхний цаашдын үйл хэрэг, бодлого зорилтыг ямагт дэмжин ажиллах болно.

Монгол Улсынхаа аюулгүй байдал, төр, нийгэм, иргэдийн амар тайван амьдралын төлөө эрдэм мэдлэг, эрч хүч, авьяас чадвараа дайчлан зүтгэж байгаа Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхний бат найдвартай ар тал болсон гэр бүл, үр хүүхдэд тань эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе” гэлээ.

Англи хэлтэй улс орнуудын элчин сайд нар Монгол Улсын англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Англи хэлтэй улс орнуудын элчин сайд нар Монгол Улсын англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.