Эрхээ хасуулсан хүн согтуугаар жолоо баривал Эрүүгийн хариуцлага хүлээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрхээ хасуулсан хүн согтуугаар жолоо баривал Эрүүгийн хариуцлага хүлээнэ

/2024.01.03/: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эцэслэн баталсан.

Уг хуультай хамт өргөн мэдүүлж баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, эрүүгийн хариуцлагад оногдуулах ялын бодлогыг чангатгаж, зарим өөрчлөлт оруулсан байна.

Дээрх хуулиудад орсон зохицуулалтын талаар ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ акт бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Цолмон, сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах, боловсронгуй болгох чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай Ажлын хэсгийн гишүүн, цагдаагийн дэд хурандаа, ДХИС-ийн дэд профессор С.Гантулга, Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг болон холбогдох бусад албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл өглөө.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛ ЖОЛООДОХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН ҮЙЛДЭЛ ДАВТАГДВАЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, уг хуультай хамт өргөн мэдүүлж, баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах өөрчлөлтийг тусгасан. Өөрөөр хэлбэл, жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол шүүхээс баривчлах шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилж, хариуцлагыг чангатгасан.

Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу давтан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг тусгасан байна.

Тухайлбал, энэхүү өөрчлөлт оруулсан зохицуулалт хэрэгжиж эхэлснээр тээврийн хэрэгсэл жолооны эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2.7-14 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалт орсон байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар автомашины торгуулийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлнэ. Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд (15 хоног) биелүүлээгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зохицуулалт орсон байна.

Эх сурвалж: ЦЕГ

2023 онд ахуйн болон бусад ослоор насанд хүрээгүй 66 хүн амиа алджээ
2023 онд ахуйн болон бусад ослоор насанд хүрээгүй 66 хүн амиа алджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.