/2023.08.08/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын Монголч Эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” (Pax Mongolica and historical experiences) ерөнхий сэдвийн хүрээнд 2023 оны наймдугаар сарын 9-14-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.
Их хурал Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод бодлого, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг хөндсөн 5 салбар хуралдааны хүрээнд үргэлжлэх бөгөөд 300 гаруй эрдэмтэн, судлаач оролцохоор төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Улаанбаатар хотноо 1959 онд хуралдсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн хурал нь өнөөгийн Олон Улсын Монголч Эрдэмтний их хурлын эхлэл бөгөөд дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн Олон Улсын Монгол Судлалын Холбоо ч эндээс үүсэлтэй юм. Дунджаар 5 жил тутамд хуралдаж ирсэн Олон Улсын Монголч Эрдэмтний XI их хурал хамгийн сүүлд 2016 онд хуралдаж байв. Улмаар дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ээлжит их хурлаа хойшлуулсаар энэ жил ийнхүү хийх гэж байна.
Улаанбаатар хотод 2016 оны наймдугаар сарын 15-18-нд “Монгол судлал ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд болсон Олон Улсын Монголч Эрдэмтний XI их хуралд Австрали, Австри, Англи, АНУ, Вьетнам, Канад, Франц, Герман, Голланд, Финланд, Дани, Швейцар, Израил, Итали, Турк, Казахстан, ОХУ, Чех, Унгар, Польш, Румын, Тайвань, Хятад, Энэтхэг, Япон, Монгол, Өмнөд Солонгос зэрэг 29 орны 412 монголч эрдэмтэн, судлаач оролцон монгол судлалын хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, монгол судлалыг цаашид олон улсад хэрхэн хөгжүүлэх асуудлаар өргөн хүрээнд хэлэлцсэн юм. Мөн тус их хурлаас Унгарын монголч эрдэмтэн Агнеш Берталаныг Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгчөөр, доктор профессор С.Чулууныг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож байв.
Эх сурвалж: Соёлын яам