/2023.07.27/: Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын Урлагийн зөвлөл М-Си-Эс групптэй хамтран үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордны гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж долоодугаар сарын 27-ний 15 цагт нээлтээ хийлээ.
Уг төсөл нь 2023 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, нийт 8225 м2 талбайд тохижилтын ажил хийж, 5200м2 явган хүний зам, олон нийт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор хийж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилт болоод гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэжээ.
Сэцэн Ханы Ордон нь Халхын сэцэн хан аймгийн угсаа залгамжилсан хануудын ажиллаж, амьдарч байсан зуны ордон өргөө ба 1828 онд баригдсан Монгол улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгалын нэг юм.
Уг ордон нь анх 30 гаруй сүм, дуганаас бүрдсэн, гадуураа хэрмэн хашаатай, дотор талд нь улаан хэрэм, цагаан хэрэм, бор хэрэм хэмээх гурван хэсгээс бүрдсэн цогцолбор газар байжээ. Одоо зөвхөн Сэцэн Ханы сангийн болон шүтээний, гал тогооны сүмүүд болох 5 сүм үлдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор уран барилгын хосгүй ховор дурсгал хэмээн улсын тусгай хамгаалалтад авсан юм.
Эх сурвалж: Соёлын яам