Акуа гарден, S’Outlets-ын барилгуудыг НУРААНА ГЭСЭН ҮҮ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Акуа гарден, S’Outlets-ын барилгуудыг НУРААНА ГЭСЭН ҮҮ?

/2023.7.6/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын захирагч Д.Сумъяабазар нар үерийн нөхцөл байдал хүндэрсэн газруудад өнөөдөр ажиллалаа.

Тэд хоёул дараах мэдэгдлийг хийсэн юм.

Үер, усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураахыг үүрэг болголоо.

Энэ нь юу гэсэн үг билээ?

НУРААХ ЭХНИЙ БАРИЛГА S'OUTLETS МӨН ҮҮ?

Одоогоор үерийн усны улмаас нөхцөл байдал хүндэрсэн хоёр газар бий. Нэг нь S'Outlets дэлгүүрийн орчим. Энэ газар иргэн Х.Батзориг гэгч 2009 онд түр байр гэдэг нөхцлөөр газрын зөвшөөрлөө 5 жилийн хугацаатай авч, улмаар 2014 онд хоёр дох барилгаа мөн түр зөвшөөрлөөр барьсан талаар бид мэдээлсэн. Ингэхдээ Сэлбэ голын урсцыг хааж, шороон далан барьж байгаад барилгаа барьсан байдаг.

Гол нь энэ барилга ийнхүү голын урсцыг хаасны улмаас өнөөдөр орчмынх нь хэдэн зуун айл хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байгаа юм. Цаашид үүсэх эрсдэл нь ч өндөр байна.

АТГ-Т ОЧИХ АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БАЙХ БОЛ?

Тэгвэл дээрх барилгын зөвшөөрлийг олгосон 2009 онд Хотын захирагчаар Г.Мөнхбаяр ажиллаж байсан бөгөөд хугацаа сунгасан 2014 онд Э.Бат-Үүл хотын захирагчийн албыг хашиж байв. Нийслэлийн ерөнхий архитектороор Н.Нацагдорж байсан бөгөөд одоо ч ажиллаж байгаа.

НУРААХ ХОЁР ДОХ БАРИЛГА НЬ "УСАН ПАРК" НЭРТЭЙ ОРОН
СУУЦНЫ ХОРООЛОЛ???

Нөгөөтөх нь, "Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбортой болно" гэсэн нэрэн доор баригдсан Акуа Гарден гэх орон сууцны хороолол. Анх усан парктай болно гэх мэдээлэл 2016 онд гарч байлаа.

Тус газрыг 2008 онд Хотын захирагч Г.Мөнхбаяр захирамжаараа мөн олгож байжээ.

Энэ барилгыг "албан ёсоор" “Эм энд Жи” констракшн барьж буй бөгөөд гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан тухайн үед ямар сайхан усан парк бий болох талаарх үлгэрээ хүүрнэж байсныг хэн бүхэн санаж буй биз ээ. Гэвч 2022 онд тус барилга орон сууцны хороолол болон хувирсан талаар бид мэдээлж байв.

Энэ газар нь мөн л дунд голтой зэрэгцэн оршдог.

Улаан зураас татсан хэсэг бол Дунд гол

Хүн олноор амьдрах орон сууц барих нь бүү хэл ус ихээр тогтдог нам дор газар хүн олноор оршин суух барилга барьсны улмаас өнөөдөр нөхцөл байдал хүндрээд байна.

Нөхцөл байдал зөвхөн өнөөдөр хүндэрснээр дуусахгүй. Хэрэв энэ барилгыг "гүрийсээр" барих аваас түүнд орсон оршин суугчид хожмын өдөр амь насаа олноороо алдах эрсдэл бий болно.

ХЭН АТГ РУУ ЯВАХ ВЭ?

Дээрх барилгыг “Эм энд Жи” констракшн барьж байгаа гэх ч цаад эздийг нь Бүти ХХК-ийнхан гэх шуугиан сошиалд хөвөрч байна. Энэ компани Хурд группийн төслүүдийн 80 гаруй хувийг гүйцэтгэсэн, Хурд группийн "хайртай ямар нэгэн зүйл". Хурд групп гэвэл УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэх нэр таны толгойд орж байна уу? Тэрбээр "Намайг холбож байгаа нь гүтгэлэг" гэсэн ч харин ажлынх нь 80-90 хувийг гүйцэтгэгч гэдгийг нуулгүй хэлсэн юм.

"Эм энд Жи" компанийн захирал А.Амарбаясгалан харин "Ямар ч авлига энэ барилгат байхгүй" гэдэг мэдэгдлийг хийсэн.

Тэгвэл Ерөнхий сайд, Хотын дарга нарын хэлсэн үг үйлдэл болвол хэн АТГ руу явах бол? Энэ компанитай холбоотой бүх хүн явах уу, эсвэл яах бол?

Л.Оюун-Эрдэнэ: Шаардлагатай бол Засгийн газрын хуралдаан зарлан хуралдуулъя
Л.Оюун-Эрдэнэ: Шаардлагатай бол Засгийн газрын хуралдаан зарлан хуралдуулъя
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.