/2023.7.6/ Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлах S'Outlets дэлгүүр 2014 онд нээгдэж байв.
Тус дэлгүүрийн газрыг 2009 онд иргэн Х.Батзориг 5 жилийн хугацаатайгаар авч байжээ.
Тухайн үед Сэлбэ голын урсац харьцангуй багадсан байв. Тиймээс тус дэлгүүрийг хариуцсан С.Сайн компанийнхан дэлгүүрээ барихдаа Сэлбэ голын урсцыг хааж, дээр нь шороо асгаад, байшингаа барьсан юм. Ганц байшингаа бариад зогсоогүй, дараа жил нь контейнерүүд хойд талдаа тавьснаар газраа улам тэлж байв. Үүнийг иргэд эсэргүүцсэн ч тэдний дуу хоолой цуурай адил замхарсан билээ.
Тухайн үед барилгын зураг төсөл бүх зүйл нь иргэн Д.Батзоригийн нэрээр явсан бөгөөд “Ананд-Тавер” компани гүйцэтгэгчээр нь ажилласан. Харин Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржоор баталгаажуулаад, схем зургийг нь хийлгүүлсэн гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан юм. "Н.Нацагдорж барь гэж зөвшөөрөл өгсөн" гэх мэдээллүүдийг та интернэт орчноос төвөггүйхэн хайж унших боломжтой.
2014-2015 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас S'Outlets дэлгүүрийнхэнд шаардлага тавьж, торгууль ноогдуулж байсан ч энэ бүхэн удахгүй замхарч, томоос том байшин баригдсан билээ.
Автомашины үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй эхэлсэн газрын зөвшөөрөл сунгагдаж ажиллах тэр үед Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл, ерөнхий архитектороор Н.Нацагдорж ажиллаж байв. Харин газрыг анх авсан 2009 онд хотын захирагчаар Г.Мөнхбаяр ажиллаж байсан юм.
Үерийн далан дээр, Сэлбэ голын урсцыг хааж, шороо асган байшин барьсны горыг өнөөдөр иргэд амсаж байна.