Усан паркийн газарт орон сууц барьж буй “Эм энд Жи” констракшн барилга барих зөвшөөрөлгүй байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усан паркийн газарт орон сууц барьж буй “Эм энд Жи” констракшн барилга барих зөвшөөрөлгүй байжээ

2016 онд танилцуулж байсан усан паркийн зураг төсөл

/2022.06.08/: Хиймэл далайн эрэг, зургаан замтай усан гулгуур гээд Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбортой болно гэсэн мэдээлэл 2016 онд гарч байлаа.

Одоогоос яг зургаан жилийн өмнө гэсэн үг юм. Тухайн үед энэ мэдээлэл олон нийтийн дунд багагүй шуугиан дэгдээж, талцал үүсгээд амжсан байдаг. Иргэд “усан парк баригдсанаар ажлын байр бий болох давуу талтай” , “амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болж байна”, “Барилга барьж, хотын түгжрэл, хүн амыг нэмснээс усан парктай болсон нь дээр” гэх мэтээр ярьж байлаа. Гэхдээ үүнийг шүүмжлэх хүн ч нэлээд байсан юм. Тус цогцолборын усан паркийн хэсэг 2018 онд, цогцолбор бүхэлдээ 2020 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байв.

ГЭВЧ... “Эм энд Жи” констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалангийн уг сүржин мэдэгдлийн дараа усан парктай холбоотой мэдээлэл дахиж гарсангүй, сураг чимээ тасрав. Харин энэ оны эхээр “усан парк барих газарт 25 давхар орон сууц барьж байна” гэх мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулснаар тэрээр дахин гарч ирж “Усан паркийн төсөл зогсоогүй, 2028 он гэхэд бүрэн ашиглалтад орно. Үйлчлүүлэгчдийн хувцас солих өрөө болон техникийн өрөө баригдаж эхэлснийг орон сууц барьж эхэлсэн мэтээр мэдээлэл тарааж байна. Усан паркийг огт зогсоосон зүйл байхгүй” гэсэн юм. Гэхдээ биднийг зургаадугаар сарын 7-ны өдөр буюу өчигдөр тус газарт очиход 4 блок барилгын ажил эхэлчихсэн байсан юм.

2020 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн байдлаар

Түүнчлэн “Эм энд Жи” констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгаланг мэдээлэл хийснээс төд удалгүй МХЕГ, НМХГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулж үүнтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулахаар болсон билээ. Тус ажлын хэсэг барилгын үйл ажиллагаа явагдаж буй газарт орчин, бичиг баримт, зураг төслийг нь шалгаж, голын урсац барилгад нөлөөлөх эрсдэлээс хэрхэн сэргийлсэн эсэхийг шалгах үүрэгтэй байсан юм.

Уг шалгалтын үр дүнгийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Балжиннямаас тодрууллаа.

“ЭМ ЭНД ЖИ” КОНСТРАКШН БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙЖЭЭ

-Усан парктай холбоотой хийсэн хяналт шалгалтын ажил ямар шатандаа явж байна вэ?
-Манайхаас шалгалтын ажиллагаа явуулаад үйл ажиллагааг нь түр зогсоосон байдалтай байна. Тодруулбал, тухайн компанитай холбоотойгоор Зөрчлийн хэрэг үүсгэсэн. Үүний дараагаар улсын байцаагчын өгсөн шаардлагыг албадан хэрэгжүүлэхээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, захирамж гаргуулаад, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйл ажиллагааг нь албадан зогсоох арга хэмжээ авсан байгаа.

-Ямар зөрчил илэрсэн болоод үйл ажиллагааг нь зогсоож байгаа юм бэ?
-Ер нь бол барилга барих зөвшөөрөлгүйгээс эхлээд зөрчлүүд илэрсэн юм байна лээ. Надад одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. МХЕГ зөрчил арилах хүртэл тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох эрх мэдэлтэй байдаг. Гэхдээ шууд биш, прокурорын зөвшөөрөлтэйгөөр. Одоогоор барилгын ажил хийж буй компанийн тог цахилгааныг нь салгаж, зөвшөөрөлгүй байсан крануудыг нь зогсоочихсон байна.

-Барилга барьж буй газарт Дунд гол урсдаг. Ийм газар барилга барих нь өөрөө зөрчилтэй хэрэг биш үү? -Тухайн газар нь усны ундрагатай, төмөр замын зурвас хамгаалалтын газарт ордог. Тиймээс энд анхнаасаа газар олгож, эзэмшүүлсэн гэдгээс асуудал хөндөгдөнө. Сургууль цэцэрлэг, орон сууцны зориулалтаар газар олгосон ч ийм газарт олгох ёсгүй гэж бодож байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООСОН ГЭСЭН Ч ОДООГ ХҮРТЭЛ БАРИЛГЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МХЕГ-ын ажилтан орон сууцны барилгын үйл ажиллагааг зогсоосон гэсэн ч биднийг очиход барилгын ажил явагдаж байлаа. Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр тог, цахилгааныг нь тасалсан ч гэсэн дотор нь мотор ажиллуулаад үргэлжлүүлэн барьж байгаа гэсэн юм.

Орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

“MONGOLIA TRY - 2022” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аялал болно
“MONGOLIA TRY - 2022” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аялал болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.