/2023.05.25/: ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) бүртгэгдлээ.
БНФУ-ын нийслэл Парис хотноо 2023 оны тавдугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс өв багтжээ.
Эрдэмтэн судлаачид Цогт хунтайжийн хадны бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн Буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17-р зууны монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцдог. Уг бичээс нь Лигдэн Хутагт Хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл билээ.
ЮНЕСКО-ийн Баримтат өвийн олон улсын жагсаалтанд өнөөдрийн байдлаар нийт 430 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс 5 баримтат өв манай улсаас бүртгэгдсэн бөгөөд 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол Шунхан Данжуур", 2017 онд "Есөн эрдэнийн ганжуур" бүртгэгдээд байсан бол ийнхүү энэ онд “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” бүртгэгдлээ.
Бүртгэлийн үндсэн шалгууруудаас танилцуулахад баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх, дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх, Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай аж.
Ташрамд дурдахад дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийг эхлүүлсэн.
Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий өвийн хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, тэдгээрийг хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын дотор хамтын ажиллагаа, харилцан солилцоог хөгжүүлэхэд тус хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэгддэг байна.
Дээр тэнгэр хааны аху (оршихуй гэсэн утгаар) хийгээд
Дэлхий дахь хан богдсын аху газар
Дээр дорын ялгал (буй) боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.
Агинистайн агуй дахь бодиства нар хийгээд
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
Ахуй газар ангид боловч
Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.
Энд Хан Богдсын сайн түшмэл хийгээд
Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр боловч
Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.
Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй.
Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.
Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Онигуудын газар хол боловч
Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.
Энэ биендээн эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаан
Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай.
Эх сурвалж: Соёлын яам