Обуна Батцэнгэл: Би баян айлын хүүхдүүд шиг гадаадад амьдраагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Обуна Батцэнгэл: Би баян айлын хүүхдүүд шиг гадаадад амьдраагүй

/2023.05.24/: Засгийн газраас санаачилсан 5Ш ажиллагааны нэг хэсэг болгож Боловсролын зээлийн сангийн мэдээллийг нийтэд ил тод болгосон.

Энэхүү сангийн мэдээллийг иргэдэд ил тод болгосноор улс төрд нэр нөлөө бүхий эрхмүүд болон олны танил хүмүүсийн авсан зээл болон зээлээс чөлөөлөгдсөн байдал иргэдийн дургуйцлыг ихээхэн төрүүлснээс болж зарим нэг хүмүүс ээлж дараалан тайлбар хийсээр байна.

Өчигдөр бид та бүхэнд Ихбит компанийг үүсгэн байгуулагч О.Мөнхжингийн тайлбарыг хүргэсэн бол өнөөдөр Б.Болор-Эрдэнийн тайлбарыг хүргэж байна.

Тэрээр,

"Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Цаг үеийн асуудалтай холбоотойгоор тайлбар хийх нь зүйтэй.

Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100% тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудлаас болоод сургуульдаа явж чадаагүй. 2016 дахин эхнээс нь материалаа бүрдүүлж, ярилцлаганд орж тэнцсэн. 2015 элсэхдээ бүрэн тэтгэлэг авсан ч ирээгүй учраас 2016 онд бүтэн тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн хариуг тус сургуулиас авсан. Дээрээс нь 2016 онд сургалтын төлбөр овоо ч нэмэгдсэн байсан тул БЗС-д материалаа өгч, шалгаруулалтанд орсон. (Доорх баримтуудыг харж болно)

Сайд дарга, эсвэл баян тансаг гэр бүлээс гаралгүй, эгэл жирийн айлаас гаралтай надад тухайн үед энэ зээл маш их тус болсон нь үнэн. Би баян айлын хүүхдүүд шиг гадаадад амьдарч, цэвэр Англи хэлтэй болоогүй. Англи хэлээ өөрөө бие дааж үзэж, хэлний шалгалтаа хэд хэдэн удаа өгч, эссэнүүд дээрээ хэдэн сар ажиллаж байж тэнцэж байв. Эцэг эх нь насаараа сайд дарга насаараа хийсэн хүмүүстэй нийлүүлээд л аав нь баян гээд танихгүй хүний зураг тавиад их сэвсэндээ.

2016 онд би олон улсын байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед БЗС-ийн шалгаруулалтаар нь явж, тэнцэж зээлийг ээж аавынхаа байрыг барьцаалаад авсан. Үнэндээ төрийн байгууллагад нөлөөлөх битгий хэл таньдаг хүн ч байхгүй байлаа. Дэд сайд болоод зээл авсан мэтээр ойлгуулж байгааг харахад харамсалтай байна.

Та бүхэн мэдэж байгаачлан дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр өндөр үнэ өртөгтэй байдаг. Оксфордын их сургуулийн хувьд сургалтын төлбөрөөс гадна коллежийн төлбөр байдаг бөгөөд Оксфорд хот Англи улсдаа амьдрах зардал өндөртөө ордог хотуудын нэг.

2016 онд БЗС-ээс авсан 32,000 ам долларын зээл сургалтын төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлсэн бол Оксфордын их сургуулиас үлдсэн сургалтын төлбөр, коллежийн төлбөр болон амьдрах зардлын стипендийн тэтгэлэгээр шагнуулж 2017 онд сургуулиа амжилттай суралцаж төгсөж байлаа. Тус зээлийг төлөхөөр төлөвлөж ирсэн учраас зээл тэглүүлэх шаардлага хангасан ч БЗС-д нэг ч удаа зээлээ чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж, хандаж байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй.

Хамгийн сонирхолтой нь өнөөдөр би суралцахаар зээл авч байсан сургуульдаа ажиллаж байна. Энэ ажлынхаа хажуугаар гадаадын технологийн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр орлогоосоо зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна.

Эгэл жирийн гэр бүлээс гаралтай над шиг олон залуус мөрөөдлөө биелүүлж дэлхийн шилдэг сургуульд яваасай гэдэг үүднээс нээлттэй зөвлөгөө их өгч, олон ч хүмүүст захиа (reference letter) өгсөөр ирсэн. Нилээн хэдэн залуучууд сургуульдаа тэнцэж, суралцаж байна.

Түүнчлэн сургуулиа төгсөөд Оксфордын их сургуулийн эрдэмтдийг авчирч, цахимжуулалтын томоохон судалгааны ажлууд болон "Цахим эрин дэх нүүдэлчид" гэдэг төслийг ч хэрэгжүүлж байсныг минь та бүхэн мэднэ.

БЗС-ийн асуудлыг хөндсөн, шүгэл үлээж энэ их авилгал, бугшсан асуудлыг гаргаж ирж байгаа сэтгүүлчид, иргэдэд баярлаж байна. Миний хэлсэн төрийн бугшсан 30 жилийн систем энэ шүү дээ. Энэ системийг өөрчлөхгүйгээр, адилхан хүмүүс төрд оршсоор байгаа цагт хэзээ ч цэвэрлэгдэхгүй. БЗС улам нээлттэй, ил тод, цахим болж шударгаар шалгуур хангасан залуусд туслаж, эдгээр залуучууд төрд орж ажиллаж, төрийн албанд шинэ хуудас авчраасай гэж хүсэж байна" гэжээ.

Оросын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд 46 насандаа нас баржээ
Оросын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд 46 насандаа нас баржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.