/2023.05.24/: ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд, 46 настай Петр Кучеренко өнгөрсөн бямба гарагт Куба руу аялаад буцаж яваад онгоцон дотор нас барсан гэж тус яам мэдээлэв.
“Кучеренко Куба руу бизнес аялал хийгээд буцаж явсан Оросын төлөөлөгчдийн хамт онгоцонд сууж байхдаа бие нь муудсан байна. Онгоц Минеральные Воды хотод газардсан бөгөөд тэнд эмч нар угтаж амийг нь аврахыг оролдсон” боловч амийг нь аврах боломж байсангүй гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Кучеренкогийн ар гэрийнхэн түүнийг зүрхний өвчнөөр нас барсан байж магадгүй гэж мэдэгдсэн ч шүүх эмнэлгийн дүгнэлт лхагва гарагт гарна гэж төрийн мэдлийн “Звезда” телевиз мэдээлэв.
Өнгөрсөн хоёрдугаар сард Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараахан дүрвэсэн сэтгүүлч Роман Супер дүрвэхээсээ өмнө Кучеренкотой “хэдхэн өдөр” ярилцсан тухайгаа Telegram сувагтаа мэдэгдээд байсан юм. Түүний хэлснээр Кучеренко өөрийнхөө аюулгүй байдлаас айж, түүнийг Оросоос гарахыг дэмжиж байсан аж.
“Өөрийгөө болон гэр бүлээ авраач. Аль болох хурдан яв. Манай төр хэр зэрэг хэрцгий болсныг та төсөөлж ч чадахгүй. Жилийн дараа та Оросыг танихчгүй болсон байна. Явах нь хамгийн зөв сонголт" гэж Кучеренко Супер-т хэлж байсан талаар тэрээр дурсжээ.
Эх сурвалж: CNN