“Ногоон хот-Иргэний оролцоо“ хаврын мод тарих аян өнөөдрөөс эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ногоон хот-Иргэний оролцоо“ хаврын мод тарих аян өнөөдрөөс эхэллээ

/2023.05.11/: Бүх нийтээр мод тарих өдрүүд өнөөдрөөс эхэлж байна. Ойн газраас 23300 ширхэг тарьц, суулгацыг заасан найман байршилд олгоно.

Мод тарих үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй тул бидний зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалдаг.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар энэ ажилд зохион байгуулагчаар ажиллана.

Энэ жилийн мод тарих үндэсний өдрийг нийслэлийн хэмжээнд “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор зохион байгуулна.

2023 оны тавдугаар сарын 11-нээс 19-ны өдрүүдэд 11:40-13:40, 13:00-14:30, 14:00-16:00 цагуудад нийт 312 байгууллага мод тарихаар одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлээд байна.

Мод тарих байршлын тухайд:

  1. Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”.
  2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
  3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
  4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.
  5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.
  6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв".
  7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбай.
  8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

Жишээлбэл: “Ногоон хэрэм” төслийн талбайд энэ сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг, эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ЗГХА Ойн газар зэрэг төрийн байгууллагууд мод тарина.

Бусад төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөрийн хуваарьт газартаа сонгосон өдөр, цагийнхаа дагуу модоо тарих бөгөөд ЗГХА Ойн газрын мэргэжилтнүүд газар дээр нь заавар зөвлөгөөг өгч хамтран ажиллана. Харин ард иргэдийн хувьд өөрсдийн саналаар байршил, өдөр, цагаа сонгоод ирэх нь нээлттэй байгаа.

Эдгээр өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болох бөгөөд Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 10 хувьд ногоон байгууламж бий болгохыг уриалж байна.

Хүүхдийн ордны зуны сургалтын бүртгэл эхэлнэ
Хүүхдийн ордны зуны сургалтын бүртгэл эхэлнэ
 
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.