/2022.05.16/: Монголын_барилгын_үндэсний_ассоциаци ТББ нь 2009 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж тэдний дуу хоолойг Монгол Улсын барилгын салбарын төрийн бодлогод тусгуулахыг чармайн ажиллаж ирсэн.
Тус ассоциацийн гишүүнчлэлийн хүрээ жилээс жилд өргөжиж, одоогоор 160 гаруй бүртгэлтэй гишүүн болон дэмжигч байгууллагуудтай болсон байна.
Монголын барилгын үндэсний ассоциаци нь 2019 онд зохиогдсон Бүх гишүүдийн ээлжит 4-р чуулганаас хойших 3 жилийн хугацаанд бид МБҮА ТББ-ын “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-г баталж, үүний дагуу үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 3 жилд нэг удаа зохион байгуулагдаг Бүх гишүүдийн V-р чуулганаа 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулжээ.
Чуулганд Барилга, хот байгуулалтын яамны Бодлогын төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Барилгын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа нар оролцов.
V-р чуулганаар ассоциацийн Удирдах зөвлөлийн 2019-2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж дүгнэх, Ассоциацийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах, Ассоциацийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдээсээ сонгож батласан. Шинэчлэн сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдээс ассоциацийн Ерөнхийлөгчөөр Цаст Констракшн ХХК-ийн ТУЗ-ын Дарга Н.Баярсайхан сонгогдлоо.
Эх сурвалж: БХБЯ