CRU: Зэсийн ханшийн шинэ оргил удахгүй тохионо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

CRU: Зэсийн ханшийн шинэ оргил удахгүй тохионо

Монголын зэс" корпорац | News.MN

/2022.05.16/: “Дэлхийн зэсийн хурал 2022” Чилийн нийслэл Сантьяго хотноо гуравдугаар сарын 28-30-нд боллоо.

Энэ удаагийн хурал нь илүү байгаль орчин, нийгмийн хариулагын сэдвүүдэд төвлөрсөн төдийгүй хорь дахь удаагийн арга хэмжээ геополитикийн хурцадмал үед болсноороо онцлог байлаа. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зэсийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэрхэн бууруулах тухай хурлаар хэлэлцсэн. Энэ онд дэлхийн зэсийн уурхайн нийлүүлэлт өмнөх оныхоос 4%-иар өсөхөөр байгаа ч зэсийн зах зээлд хомсдол байсан хэвээр байна. Энэ онд Камоа Какула болон бусад уурхайн нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа боловч цаашид байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлаас үүдэлтэйгээр шинэ төслүүдэд эрсдэл учирч болзошгүйг хурлаар онцлов. Ногоон шилжилтийн нөлөөгөөр зэсийн ханш 10 мянган ам.долларын шугамаас давсан төдийгүй голлох металын биржүүдийн агуулах дахь нөөц буурч байгаа нь үнийн өсөлт үргэлжлэх нөхцөл болж байна.

Хурлын гол илтгэлийг Чилийн Уул уурхайн сайд Marcela Hernando Pйrez болон “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фридланд нар танилцуулсан.

Томоохон олборлогч болох “BHP”, “Codelco”, “Minera Collahuasi”, “Rio Tinto” болон “Vale” зэрэг компанийн төлөөлөл зэсийн зах зээлийн эрсдэл, боломжууд сэдвийн дор хэлэлцүүлэг хийж, өөрсдийн үйл ажиллагааны талаар сонсгол хийв. “Worley”, “Weir Minerals”, “Bechtel”, “FLSmidth”, “Boston Consulting Group” зэрэг компанийн төлөөлөл хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах технологийн боломжуудыг танилцуулсан. Мөн байгаль орчин, нийгэм, засаглалын сэдэв, эрчим хүчний шилжилт, Чили, Бразил, Аргентины зэсийн салбарын төлөв байдал, зэсийн зах зээлийн богино, урт хугацааны төлөв болон бусад сэдвээр чуулсан үр дүнтэй хурал боллоо.

Чилийн хувьд зэсийн олборлолтоор тэргүүлдэг улсын хувьд цаашид салбарыг илүү хөгжүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа тухай тус улсын салбарын сайд, хатагтай Marcela Hernando Pйrez тайлбарлалаа. Чили улсын 2050 он хүртэл баримтлах уул уурхайн үндэсний бодлого нь байгальд ээлтэй, дэлхийн түвшний технологи бүхий олборлох салбарыг хөгжүүлэхийн сацуу уурхайчдын аж амьдралыг дээшлүүлэх, орон нутаг, улс оронд оруулах салбарын өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Тус улс стратегийн чухал түүхий эдийн хайгуулыг эрчимжүүлж, уул уурхайн салбар дахь хүлэмжийн хийн ялгаруулалт багатай шийдлийг хөгжүүлэх чиглэлийн судалгаа, технологид төвлөрөн ажиллаж байгаа ажээ.

Чили улс нь далайн усыг уул уурхайд ашиглах чиглэлд арвин туршлагатай. Иймд далайн усыг уул уурхайн салбарт түлхүү ашиглаж, энэ чиглэлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн дэмжих юм байна. Мөн зэс болон дайвар бүтээгдэхүүний нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжиж ажиллаж байна. Чили улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг өөрчлөх хуулийн төсөл эрчимтэй яригдаж байгаа боловч тус улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ажиллана гэдгээ салбарын сайд нь онцоллоо. Гадаад болон дотоодын компаниуд томоохон төсөл эхлүүлэхийн өмнө орон нутгийн иргэдэд сайтар мэдээлэл өгч, зөвшилцөж ажиллах нь чухал болохыг сайд онцлов. Чили улс нь хаягдлын далангийн менежментийг сайжруулж, хүдрийн дагалдах элементийн метал авалтыг нэмэгдүүлэх, холбогдох лабораторыг хөгжүүлэхэд анхаарч буй ажээ. Чилийн хувьд ганцхан зэс бус кобальт, лити болон бусад чухал эрдсийн чиглэлд байр сууриа өргөжүүлэхээр ажиллаж байна.

Фридланд зэсийн шинэ ордын нээлтэд ихээхэн найдаж байна

“Айвенхоу Майнз”-ыг үндэслэгч Роберт Фридландын илтгэл салбарынхны дунд ихээхэн сонирхол татдаг. Түүний энэ удаагийн илтгэл бас урьдны адил маш сонирхолтой байсан. Тэрбээр зэсийн ирээдүйг шинэ тутам өөрчлөгдөн буй нөхцөл байдалтай холбон ярьдаг. Ногоон шилжилтийн зэрэгцээ геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй батлан хамгаалахын зардлын өсөлт нь мөн л зэсийн эрэлтийг нэмэгдүүлэхийг тэрбээр онцолсон.

Чухамдаа хүлэмжийн хийг бууруулахын төлөө явах бүх жим нь эцэстээ зэс рүү л хөтлөн аваачдагийг Роберт Фридланд тайлбарлав. Мөн зэсийн салбар цаашид байгальд ээлтэй нөхцөлтэй худалдаа руу шилжихийг тэрбээр сануулав. Яг ийм төрлийн худалдаа хөнгөн цагааны салбарт аль хэдийнэ нэвтрээд буй. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийн ялгаруулалт өндөртэй олборлолт/үйлдвэрлэлээр бүтсэн бол илүү хөнгөлттэй үнээр худалдаалагддаг, цэвэр буюу байгальд ээлтэй шийдлээр олзворлосон бол тухайн метал урамшуулал бодсон үнээр борлуулагдах ажээ. Харин түүний компанийн БНАКонго улсад хэрэгжүүлж буй зэсийн уурхайгаас олборлосон зэс нь дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалт хамгийн багатайд тооцогдож буйг тэрбээр онцоллоо.

Хурлаар Роберт Фридланд цахимаар илтгэлээ танилцуулсан. Тэрбээр хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл 700 сая тонн зэс олборлосон бол дараагийн 22-24 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт жилд 3%-иар тооцоход мөн адил хэмжээний зэс олборлох шаардлагатай талаар дурдсан юм. Гэхдээ уг хэмжээ нь одоогийн цахилгаан машин, эрчим хүчний шилжилтийг авч үзээгүй тооцоолол ажээ. Иймд ирэх аравны эцэс гэхэд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол 5-9 сая тонны хооронд хэлбэлзэж болзошгүйг тэрбээр дуулгав. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ногоон шилжилт эрчимжих нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлэхээр байгаа бол одоо ОХУ Украин руу довтолсны дараа бүх зүйл улам бүр өөрчлөгдөж буйг тэмдэглэсэн. Тухайлбал Герман батлан хамгаалахын салбартаа 100 тэрбум евро зарцуулахаар болсон бол Нидерланд, Бельги зэрэг улсууд батлан хамгаалахын салбарт зарцуулах зардлаа өсгөж дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүргэхээр болоод байна. Энэ бүхэн нь ногоон шилжилтийн зэрэгцээ зэсийн хэрэглээг улам бүр нэмэгдүүлэхийг тэрбээр онцолсон. Түүнчлэн Герман улс болон бусад Европын орнууд ОХУ-аас байгалийн хий авахаас татгалзах шинжтэй болж, улмаар нар, салхи, цөмийн эрчим хүчний эх үүсвэр рүү хандаж байгаа нь мөн л зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ. Чухамдаа дайнаас улбаатай нөхцөл байдал нь зэсийн төдийгүй бусад нэн чухал эрдэс түүхий эдийн хямралыг авчрахаар байгаа ажээ.

АНУ-ын эрчим хүч дамжуулалтын шугам ихээхэн хуучирсан бөгөөд цаашид шинэчлэх шаардлагатай нь мөн л зэсийн асар их эрэлтийг бүрдүүлэхийг тэрбээр онцоллоо. Тэгэхээр дан ганц цахилгаан машины салбар бус нар, салхи, цахилгаан дамжуулах ухаалаг сүлжээ зэрэг нь зэсийн эрэлтийг бүрдүүлэгчид болох нь тодорхой байна. Харамсалтай нь мэдээлэл технологийн салбарт асар их хөрөнгө оруулалт орж байгаа ч үндсэн суурь эдийн засгийн салбарт санхүүжилт дутмаг байгааг Фридланд учирлав. Түүний илтгэлийн дараагийн хэсэг нь компанийн зэсийн гол төсөл Камоа Какулад төвлөрсөн юм.
БНАКонго улсад хэрэгжүүлж буй зэсийн үлэмж том орд Камоа Какула-ийн хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтыг хамгийн бага түвшинд байлгаж буй зэсийн төсөл гэдгээрээ дэлхийд тэмдэглэгдэхүйц болохыг тэрбээр илэрхийллээ. Ордоос 50 гаруй хувийн агуулгатай зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаагийн сацуу усан цахилгаан станцаас эрчим хүчээ авдаг нь байгальд ээлтэй үйлдвэрлэлийн гол шалтгаан болж байна.

Энэхүү орд нь өндөр агуулга бүхий 1.5 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй. Хэрэв жилд 9 сая тонныг олборловол 158 жил, 20 саяыг олзворловол 75 жилийн хугацаанд олборлох нөөцтэй болохыг тэрбээр дэлгэв. Цаашид уурхайгаас олборлосон зэсийн баяжмалыг цэвэр зэс болгон боловсруулж экспортлох юм байна. Ингэснээр төслийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалтыг улам бүр бууруулна гэж харж байна. БНАКонго улсын хувьд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмждэг нь компанийн улсад төлөх татварыг бууруулах боломжтойг Фридланд тэмдэглэсэн.

Тэрбээр мөн уг төсөлд Африк нутгийн эмэгтэй уурхайчид өндөр бүтээмжтэй ажиллах нэгэн гол тулгуур болж буйг онцолсон нь сонирхол татсан. Одоо уурхайд шинээр ажилд орохоор суралцагсдын талаас илүү хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэх болжээ. Эмэгтэйчүүд илүү хариуцлагатай, мэдрэмжтэй байдаг учир уурхайд ажилласнаар машин механизмын бүтээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдгийг олж мэдсэн байна. Мөн уурхайн хэвийн ажиллагааг цар тахлын хүнд нөхцөлд баталгаатай явуулахад Хятадын түншүүд болон БНАКонго улсын Засгийн газрын тогтвортой ажиллагаа ихээхэн тус дэм болсныг дуулгав.

Геологийн тогтоцын хувьд, Чили, Перу, Монгол зэрэг улсын зэсийн уурхайнуудаас ялгаатай нь БНАКонго улсад илүү агуулга өндөртэй хүдэр бүхий зэсийн орд илрэх боломжтойг тэрбээр онцолсон. Иймд тус улсад хэрэгжүүлж буй зэсийн төслөөс гадна “Айвенхоу Майнз” шинэ зэсийн ордуудыг нээж илрүүлэхээр хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна. БНАКонго улсад хөрөнгө оруулалтын зардал бага, ус, цахилгааны хэрэглээ багатай төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж тэрбээр үзэж байна. Уул уурхайн хувьд хөрөнгө оруулалтын төгс, аюулгүй газар гэж үгүй учир хамгийн гол нь төсөл хэрэгжүүлэхдээ тухайн улс, орон нутагтай нягт хамтран ажиллах нь чухал болохыг тэрбээр сануулав. Мөн тэрбээр Латин Америк болон Хойд Америкт ч шинэ орд илрүүлэх сонирхолтой байгааг дуулгав. Фридланд шинэ технологийн боломжуудын хүрээнд ирээдүйд зэсийн томоохон ордуудыг илрүүлнэ гэж итгэж байна.


Урт хугацааны төлөвөөр нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй

Ирэх арван жилд зэсийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам нэмэгдэж магадгүй байгааг CRU-ийн үндсэн металын нийлүүлэлтийн судалгааны хэлтсийн дарга Erik Heimlich тайлбарлалаа. 2032 он хүртэлх хугацаанд зэсийн эрэлт нийлүүлэлтийн зөрүү зургаан сая тонн давж мэдэхээр байна. Одоо ашиглалтад байгаа уурхайнуудын үйл ажиллагаа хумигдаж байгаа нь нийлүүлэлтийн зөрүүг улам бүр нэмэгдүүлж буй ажээ. Гэхдээ шинээр ашиглалтад орох боломжтой уурхайнуудын олборлолтын хүчин чадал нийлүүлэлтийн болзошгүй хомсдлын хэмжээнээс өндөр байгаа юм. Тэгэхээр зах зээлд зэсийн хомсдол үүсэх тухайд санаа зовох шаардлагагүй мэт харагдана. Гагцхүү ашиглалтад орохоор төлөвлөсөн төслүүд хугацаандаа нээгдэхгүй эсвэл нийгмийн зөвшөөрлийн асуудлаас үүдэн хэрэгжихгүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл тухайн төслийн эдийн засгийн өгөөж үнэхээр гойд сайн байсан ч байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) асуудалтай холбоотойгоор төслийн хувь заяа төгсөх эрсдэл байгааг CRU онцолж байна.

2030 он хүртэл зэсийн шинэ уурхайн төслүүдэд нийт 100 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үүнд Өмнөд Америк, Африкийн төслүүд хамгийн чухал үүрэгтэй байх ажээ. Мөн Индонез болон ОХУ-ын төслүүд ч чухал үүрэгтэй гэжээ. Шинээр үүсээд буй геополитикийн хурцадмал байдлаас үүдэн ОХУ-ын төслүүд хугацаандаа ашиглалтад орохгүй байж болзошгүйг CRU тэмдэглэв.

Уурхайнууд ашиглалтад орж байхад нөгөө талд уурхайнууд хаалтаа хийж байдаг. 2026 он гэхэд цөөнгүй уурхайнууд хаагдах хуваарьтай байгаа бөгөөд нийтдээ жилд нэг сая тонн зэс олборлодог төслүүд яригдаж байна. Гэхдээ зах зээлд ханшийн өсөлт тохиож буйн нөлөөгөөр эдгээр уурхайн хаах хуваарийг хойшлуулах, олборлолтын хугацааг уртасгах боломж бий.
Зах зээлд зэсийн ханш өндөр байгаа ч савлагаа өндөр байсан нь өнгөрсөн жилүүдэд компаниудыг шинэ төсөлд хөрөнгө оруулахаас хөндийрүүлэх нөхцөл болсон. Эсрэгээр салбарын компаниуд нэгдэх, худалдан авах (M&A) хэлэлцээрийг илүү чухалчилж байсан бол одооноос байдал өөрчлөгдөж, шинэ төслүүд хөгжүүлэх нь нэмэгдэх болжээ. Ирээдүйд төслүүдийг амжилттай хөгжүүлэх аваас хомсдол гарахгүй нь тодорхой байна. Гэвч бүх зүйл онолын дагуу явагдах боломжгүй тул шинэ ордуудыг нээж, ашиглалтад оруулах ажлыг орхигдуулж болохгүй ажээ. Зэсийн урт хугацааны нийлүүлэлтийн төлөв эмзэг хэвээр байна.

Тухайлбал “Macquarie” байгууллагын Түүхий эдийн стратегийн хэлтсийн дарга Marcus Garvey хурлын үеэр тавьсан илтгэлдээ зэсийн нийлүүлэлт 2023-2025 он хүртэл хангалттай хэмжээнд байх ч түүнээс хойших хугацаанд тодорхойгүй байдал үүсч мэдэхийг тэмдэглэсэн. 2030 онд гэхэд нийлүүлэлтийн хомсдол 4.6 сая тоннд хүрч болзошгүй байна. Тиймээс цаашид шинэ төслүүдийг цаг алдалгүй ашиглалтад оруулж, хаягдал зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа ажээ. Ойрын ирээдүйд дан ганц Хятад бус дэлхийн бусад орнуудын эрэлтийн өсөлт эрчимтэй явагдаж буй нь зэсийн хувьд ихээхэн үнэ цэнэтэй, тогтвортой зах зээл бүхий метал болохыг гэрчилж байна.

Дэлхийн зэсийн уурхайн нийлүүлэлтийн төсөөлөл (мян.тн)



Эх сурвалж: Macquarie

Зэсийн зах зээлийн богино хугацааны төлөвийн талаар CRU-ийн Үндсэн металын ахлах шинжээч Robert Edwards танилцуулсан.
CRU судалгааны байгууллагын тооцооллоор, он гарсаар АНУ-ын хэрэглээний үнийн индекс 8%-иар өссөн бол Германы үйлдвэрлэгчийн үнийн индекс 25%-иар нэмэгджээ. Эдгээр үзүүлэлт, Украин дахь дайны нөлөөгөөр улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Инфляц нэмэгдэх нь зэсийн ханшийн төлөвт эерэг нөлөөтэй хэдий ч АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөхөөр байгаа нь эрэлтийн өсөлтийг удаашруулж, ам.долларын ханшийг чангаруулна. Үүний зэрэгцээ цар тахлын дэгдэлт зарим улс оронд дахин нэмэгдэх хандлагатай байна. Зүүн Азийн орнууд, тэр дундаа Хятад улсад халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь эрэлтэд сөрөг нөлөөтэй. Хятадын хувьд нийт зэсийн эрэлтийн талаас илүү хувийг дангаараа бүрдүүлдэг. Хятадад цар тахлыг хумих хатуу бодлого хэрэгжиж буй нь түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг удаашруулах болсон. Гэхдээ уг асуудлыг тус байгууллага түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Мөн Хятадын үл хөдлөхийн салбарын үзүүлэлт оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.8%-иар буурчээ. Гэхдээ Хятадын өсөлтийн зорилтыг харвал өөдрөг төлөв харагдана. Энэ онд тус улсын өсөлт 5.5%-тай байх тухай Хятадын Засгийн газар зарласан. Ийм өсөлтийг бүтээхийн тулд маш их хэмжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Энэ онд Хятадын цэвэршүүлсэн зэсийн эрэлт 2.1%-иар, ирэх онд 1.3%-иар өсөх бол дэлхийн хэмжээнд уг үзүүлэлт энэ онд 2.8%, ирэх онд 2.1%-иар илэрхийлэгдэхээр байна. Харин зэсийн уурхайн нийлүүлэлт энэ онд 4.3%, ирэх онд 3.3%-иар тус тус өсөх таамгийг CRU дэвшүүлжээ. Дэлхийн уурхайн нийлүүлэлтийн өсөлтийн талаас илүү хувь нь энэ онд ердөө гуравхан уурхайгаас (Эскондида, Грасбэрг, Камоа Какула) бүрдэхээр байна.

Зэсийн нийлүүлэлтийн хомсдол энэ онд 100 мянган тонноор хэмжигдэхээр байгаа бол ирэх онд нийлүүлэлт эрэлтээс 104 мянган тонноор давах төлөв гарчээ. Гэхдээ тооцоолол хялбархан өөрчлөгдөх боломжтой. Тухайлбал Европт, тэр дундаа Германд эрчим хүчний үнэ нэмэгдэх тохиолдолд эрэлт буурах нь гарцаагүй. ОХУ-ын хувьд жилдээ 700-750 мянган тонн зэс экспортолдог. Хойд хөршийн зэсийн экспортын гол худалдан авагч нь Европ, Хятад улс юм. Хэрвээ барууны улс орнуудын хориг арга хэмжээ ОХУ-ын зэсийн салбарыг хамрах тохиолдолд Европ ОХУ-аас авдаг зэсийн импортоо өөр эх үүсвэрээр нөхөх шаардлага үүснэ. Ингэснээр богино хугацаанд ложистикийн хүндрэлтэй тулгарч ханш өснө. Энэ оны тухайд зэсийн уурхайн нийлүүлэлт өсөх боловч цар тахлын үргэлжилсэн нөлөө, урсгал засвар болон бусад асуудлаас үүдэлтэйгээр уурхайн нийлүүлэлт төлөвлөгөөнөөс 5%-иар тасалдах эрсдэл бийг CRU-ийн шинжээч Robert Edwards тэмдэглэсэн.

Биржийн агуулах дахь нөөцүүд дэлхийн санхүүгийн хямралын дараах доод түвшинд ойртож ирлээ. Иймд нөөцийн багахан хэмжээний өөрчлөлт нь ханшид нөлөөлөх боломжтой. Оны хоёрдугаар улиралд ханшийн хувьд оргил үзүүлэлтийг шинэчлэн тогтоож 11 мянган ам.долларт хүрэх болов уу гэсэн хүлээлт байна. Харин дараа жилийн тухайд ханш ялимгүй буурах дүр зурагтай ч 10 мянган долларын шугамнаас доош орохооргүй төлөвийг CRU дэвшүүлжээ.

Энэ удаагийн хурлаар зэсийн ирээдүй, үнэ цэнийг улам бүр баталгаажуулж өгсөн төдийгүй салбарын хэмжээнд олборлолт, үйлдвэрлэлээс үүсэх хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж буй нь харагдлаа.

Дэлхийн банктай гурван чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Дэлхийн банктай гурван чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.