/2022.04.16/ Цахим спортын "CS:GO" төрлийн дэлхийн аварга гэж хэлж болохуйц "Мэйжор" тэмцээн ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Бельгийн Антверпен хотноо эхэлнэ. Нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд оролцох эрхийн төлөө Монголын “IHC Esports” баг өрсөлдөж байгаа аж. Дэлхийн шилдэг 24 баг оролцох "Мэйжор" тэмцээнд манай багийн тамирчид багтаж чадах уу?
Тэд өчигдөр тэмцээний эхний тоглолтоо Азийн шилдгүүдийн нэг баг болох Хятадын “Tyloo” багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай ялжээ. Ингэснээр тэд “upper bracket”-ийн аваргын төлөө Австралийн “Renegades” хүч үзнэ. Тоглолт өнөөдөр 17.00 цагаас эхэлнэ. “Renegades” баг өчигдөр нутгийнхаа “Looking For Org” багийг ялсан аж.
Монголд esport-ыг нийтээрээ спорт гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Хүмүүс шууд компьютер тоглоом талаас нь хүлээн авч, гүйж, хөлс гарган хөдөлгөөн хийхгүй бол спорт биш гэж ойлгодог. Харин олон улсад esport-ыг хэдийнээ спорт хэмээн хүлээн зөвшөөрчихөөд байгаа аж.
Дэлхийн спорт холбоодуудын холбоо буюу GAISF -аас спорт гэдэг бол нэгд аз шаардсан биш, хоёрт эрсдэлгүй, гуравт өрсөлдөөнтэй, дөрөвт дүрэмтэй байх ёстой гэж тодорхойлсон байдаг аж. Энэ дөрвөн чанарыг агуулсан тул цахим тоглоом спортын төрөл зүйлд тооцогдоно гэж ярьдаг.