ЖАГСААЛ: Сүхбаатарын талбай дээр болж буй үйл явдлын тойм мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖАГСААЛ: Сүхбаатарын талбай дээр болж буй үйл явдлын тойм мэдээ

/2022.04.08/ Өчигдөр эхэлсэн залуусын ихэвчлэн оролцсон тайван жагсаал өнөөдөр хоёрдахь өдрөө тайвнаар үргэлжилж байна.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ НЬ БАЙНГА ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ТА ГҮЙЛГЭЖ ҮЗНЭ ҮҮ.

15:00 цаг: Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа.

16.30 цаг: Ч.Ганжавхлан: Эдийн засаг муу байгаад бус биднийг доромжилж байгаад ЗЭВҮҮ хүрч байна

Иргэдийн жагсаал талбай дээр үргэлжилсээр байна.

Иргэн Ч.Ганжавхлангаас байр суурийг нь тодрууллаа.

-Би хоёр хоногийн өмнө мэс засалд орсон. ГССҮТ-д хэвтэж байгаад гарч ирлээ. Тэнд шалаар дүүрэн хүүхэдтэй ээж, өвөө, эмээ нар зулж хэвтээд мэс засалд орохоор хүлээж байгааг нүдээрээ харж байгаад өнөөдөр талбай дээр ирж байна.

Бүх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийг очиж харах хэрэгтэй. Тэнд шалаар дүүрэн хүмүүс хэвтэж байгаа. Ийм байхад бид нарыг хэмнэ гэж байгаа нь доромжлол. Бидний нүүр рүү нулимж байна.

Монголд хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж байна. Чоно борооноор гэдэг шиг бүх хүнийг унтаж байхад үүрээр залуучуудыг маш олноор нь баривчилсан байна. Бидний хамгийн чухал язгуур эрх бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайвнаар жагсах. Энэ эрхээ хүртэл эдэлж чадахгүй байгаа нь дайны улс болох гэж байгаагийн шинж юм уу.

Мэдээж дэлхий даяар хямралтай байгаа энэ үед Засгийн газрын зовлонг ойлгож байна. Гэтэл үйлдэл, үг бүрээрээ биднийг доромжилж, үл тоож байгаа нь үнэхээр зэвүүцэл төрүүлж байна. Би өнөөдөр залуучуудыгаа дэмжиж энд ирсэн. Дөнгөж сая ЗГ ээлжит бус хуралдаан зарлалаа. Гэхдээ бодитой шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш зүгээр тайлан тавьж байгаа юм шиг романтизм болоод, гал унтрааж байгаа аятай орхиж болохгүй. Тиймээс маш хурдан ЗГ хуралдаад, залуучуудын тавьсан шаардлагын дагуу шийдвэр гаргах хэрэгтэй. Одоо тэдний шийдвэрийг л хүлээж байна.

-Төрийн ордонд "Эдийн засгийн форум" болж байна. Үүн дээр Ерөнхий сайд "бүгдээрээ хамтарч ажиллая" гэж хэлсэн. Энэ үгэнд хэр итгэл үнэмшил төрж байна?

-Огтхон ч төрөхгүй байна. Эдийн засгийн форум гэж байх шиг байна. Эдийн засаг чинь хаана байгаа юм бэ? Үүнийг асуух ёстой. Өнөөдрийн ярьж хэлж байгаа зүйлс хөрсөн дээрээ буухгүй байна. Эдийн засаг муу байгаа гэхээс илүү доромжлоод байгаад нь зэвүү хүрээд байна. Түүнээс биш дэлхий даяар хямралтай байна. Гэтэл засаг барьж байгаа хүмүүс өөрсдөө амьдралаас тасарчхаад биднийг зүгээр доромжлоод байна. Залуучуудын эгдүү үүнд л хамгийн их хүрсэн болов уу.

16.15 цаг: Иргэн н.Ууганбилэг: Ерөнхий сайдын үгэнд итгэхгүй байна

Талбай дээр жагсаж байгаа иргэдээс манай сурвалжлах баг яриа авч байна. Иргэн н.Ууганбилэг ингэж ярив.

-Тогтолцооны асуудлыг ярихаасаа илүүтэй монгол төгрөгийн ханшаа хамгийн түрүүнд шийдмээр байна. Монгол төгрөг доллартайгаа тэнцээд тогтвортой болсон үед зам гүүр, сургууль цэцэрлэгийн асуудал зэрэг тогтолцооны асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна улс төрчид үнэхээр сэтгэлгүй байна гэж би харж байгаа. Улс төрчдийг сууриас нь эхэлж бэлтгэх хэрэгтэй. Улс төрд бизнес хийгчид илүү ордог.

-Бид тэднийг сонгуулиар сонгож байгаа шүү дээ?

-Би 29 настай. Гурван удаа сонгууль өгсөн. Түүнээс өмнө манай эмээ өвөө, ээж аав нар сонгууль өгсөн. Тэр үеийн улсуудад хэлэх үг олдохгүй байна. Яагаад бид нарыг ийм нийгэмд байлгаж байгаа юм бэ?

Бид нарын хувьд үр хүүхэддээ сайхан нийгэм үлдээхийн тулд өнөөдөр жагсаж байна. Би нэг охинтой. Эмнэлэгт очихоор дугаар нь дүүрэн, хувийн эмнэлэгт очиход 50 мянган төгрөгийн үзлэгийн үнэтэй, эмнэлэгт хэвтэхэд ор байхгүй байна. Энэ мэт жишээнээс бид ирээдүйнхээ төлөө зогсож байгаа.

Бид нарын өвөө эмээ, бид нарын засаг биднийг ийм байдалтай зогсоож байгаад үнэхээр уйлмаар байна.

-2016 оны сонгуульд хэний төлөө саналаа өгсөн бэ?

-Би цагаан хуудас өгсөн. Надад сонголт байгаагүй. Сайн чадвартай эдийн засагч, инженер байгаагүй. Улс орныг аваад явчих сэтгэлтэй хүн байгаагүй учраас би цагаан цаас өгсөн.

-Энэ жагсаалаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Сая Ерөнхий сайд гарч ирж ярьсан. Үнэхээр би үгэнд нь итгэхгүй байна. Зүгээр биднийг аргацаасаар байгаад сурчихсан. Бид нарын өмнөх үеийг аргацаагаад сурсан байх. Бид итгэхгүй. Залуус бид өөр нийгмийг бүтээнэ. Гадаадад боловсрол эзэмшээд монголдоо ажиллах гэхээр танил талгүй бол бид нарыг хаана ч ажилд авахгүй, хувийн хэвшилд ажиллаад явж байна.

14.15 цаг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгүүдийг барьж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд жагсаж буй иргэдийн үзэл бодлыг сонсож, асуултад хариулж байна.

Ээжүүдийн төлөөлөл гэж танилцуулсан нэгэн иргэн “Ерөнхий сайд та эмэгтэйчүүд ажилгүй байна, цэрэгт татна гэсэн. Эмэгтэйчүүд ажиллах боломжгүй байгаа шалтгаан нь гэртээ хүүхдээ харахаас өөр аргагүй байдалд байна. Хүүхдээ цэцэрлэгт өгөхийг хүссэн ч орон тоо байдаггүй. Сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт оруулах эсэх нь шийдэгддэг. Цэцэрлэгийн асуудлыг хэзээ шийдэх вэ” гэж асуусан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа, “Би ингэж хэлсэн удаагүй. Ташаа мэдээлэл байна гэлээ. Цэцэрлэгүүдийг барьж байгаа, шаардлагатай бүх зүйлсийг хийж байгааг хэлье. Ерөнхий сайдын хувьд та бүхний доторх бухимдлыг би ойлгож байгаа. Гэхдээ үүнийг нэг өдрийн дотор шийдвэр гаргаад шийдэх боломжгүй. Өөрөөс шалтгаалах бүхнээ шийдлийн төлөө зүтгэнэ гэдгээ амлая. Залуус нийгэмдээ оролцоотой байвал бид олон зүйлийг шийдэж чадна” гэлээ.

14.01 цаг: Х.Нямбаатар: Зүй бус авирласан цагдаагийн алба хаагч нарын өмнөөс УУЧЛАЛ хүсэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар Төрийн ордны өмнө жагсагчидтай уулзаж байна.

Жагсагчдын зүгээс:

Өчигдөр цагдаагийн алба хаагчид иргэдийг татан гулдчиж, чирсэн хэрэгт ямар хариуцлага тооцох вэ?

Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Цагдаагийн байгууллагын албан хаагч өчигдөр эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн явдал гарсан. Үүнийг цагдаагийн алба хаагчдад сануулсан. Тэдний өмнөөс уучлал хүсэж байна.

14.00 цаг: Баривчилсан жагсагч нарыг сулласан гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая "Жагсаалд оролцсоны улмаас түр саатуулсан, эрүүлжүүлсэн бүх иргэнийг суллаж дууссан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцлагатайгаар мэдэгдсэн" гэж хэлэв.

13.25 цаг: ШУУД: Ерөнхий сайд залуучуудаас УУЧЛАЛ ГУЙЛАА

Залуучуудын жагсаал өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Ерөнхий сайд өнөөдөр тэдэнтэй Соёлын төв өргөөнд уулзахаар болсон ч тэд орхиж гарсан. Тэгвэл Ерөнхий сайд яг одоо Төрийн ордны шатан дээр тэдэнтэй уулзаж тэднээс уучлал гуйн хамтран ажиллахыг хүслээ.

Мөн тэрээр "жагсагчдын тавьсан 7 шаардлагыг хүлээн авсан. Өчигдөр Төв талбайд гарч ирэхийг хүссэн. Өнөөдөр амаргүй дүрэм журмыг давж энд зогсож байна. Бид шийдэл ярих ёстой" гэв.

13.10 цаг ШУУД: Ерөнхий сайд жагсагчидтай уулзахаар талбай дээр гарч ирлээ

Өчигдөр эхэлсэн залуусын ихэвчлэн оролцсон тайван жагсаал өнөөдөр хоёрдахь өдрөө тайвнаар үргэлжилж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 12.30 цагт Соёлын төв өргөөнд жагсагчидтай уулзахаар болсон ч тэд орхин гарсан юм.

Тэгвэл яг одоо Ерөнхий сайд Төрийн ордны шатан дээр жагсагчидтай уулзах гэж байна.

12.35 цаг: ШУУД: Жагсагчид Соёлын төв өргөөг орхиж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 12.30 цагт Соёлын төв өргөөнд жагсагчидтай уулзахаар болсон.

Жагсагчид 12.30 цагт Соёлын төв өргөөнд орсон ч Ерөнхий сайд ирээгүй тул тэд Соёлын төв өргөөг орхиж эхэллээ. Түүнчлэн Соёлын төв ордонд орж ирсэн залуусын зарим нь "энд суух хэрэг байхгүй" хэмээн бусдыгаа уриалж эхнээсээ гарчээ.

12.45 цаг: Жагсаалд Д.Мөнх-Эрдэнэ ирж хөөгдөв

Залуучуудын жагсаал өнөөдөр хоёр дахь өдрөө төв талбай дээр үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр 2021 оны аравдугаар сарын 19-нд томилогдож байсан Д.Мөнх-Эрдэнэ ирээд хөөгдлөө. Түүнийг жагсагч залуус "бүү" хэмээн эсэргүүцэв. Жагсаж байгаа залуусын зарим нь "Мөнх-Эрдэнэ гэж хэн юм" гэж нэгнээсээ асуух нь байлаа.

12.27 цаг: Ерөнхий сайд 12.30 цагт жагсагчидтай уулзана

Өчигдөр эхэлсэн залуусын ихэвчлэн оролцсон тайван жагсаал өнөөдөр хоёрдахь өдрөө тайвнаар үргэлжилж байна.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 12.30 цагт Соёлын төв өргөөнд жагсагчидтай уулзахаар болжээ.

12.26 цаг: ФОТО: Жагсаал хоёрдахь өдрөө үргэлжилж байна

12.00 цаг: Саатуулагдсан иргэдийн хоёроос нь мансууруулах төрлийн бодис илэрсэн гэв

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд эхэлсэн тайван жагсаалыг шөнө цагдаагийн алба хаагчид тараах явцад эсэргүүцэл үзүүлсэн зарим жагсагчдыг түр саатуулсан билээ.

Тэдгээр иргэдийн 19 нь согтуу байсныг эрүүлжүүлсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан жагсагчдаас өнөөдөр 13:00 цаг гэхэд тайлбар мэдүүлгийг авч дуусган явуулна гэлээ.

Ингэхдээ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулах аж.

Цагдаагийн байгууллагаас түр саатуулсан иргэдийн дундаас 2 иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.

12.30 цаг: ХЭҮК: Цуглаан, баривчилгаа зэргийг ажиглаж байна

Иргэдийн өчигдөр хийсэн жагсаал цуглаантай холбоотойгоор ХЭҮК-ээс байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, "2022 оны дөрөвдүгээр сарын 7, 8-нд болсон цуглаан, холбогдох баривчилгаа, хүний эрхийн асуудалд Комисс үйл явцын өрнөлөөс эхлэн хяналт тавьж, ажиглалт хийж байна. Зохих арга хэмжээг авах болно" хэмээн мэдээлжээ.

12.00 цаг: Саатуулагдсан иргэдийн дунд 4 эмэгтэй, 5 хүүхэд байжээ

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр болсон тайван жагсаалын талаарх мэдээллийг өглөө.

Сэтгүүлчдээс өчигдөр олон арван хүнийг саатуулсан эсэх талаар асуухад:

-Саатуулагдсан гэдэг нь зөрчлийг таслан зогсоосон гэсэн үг. Түүнээс торны цаана хориод байсан зүйл байхгүй. Саатуулсан 20 хүний 19 хүнээс согтууруулах ундаа илэрсэн тул Эрүүлжүүлэх байранд аваачсан. Мөн тодорхой тооны хүмүүсээс тодруулга тайлбар авахаар саатуулсан. Тэдгээрийг одоо тайлбараа авч дуусаад 13 цагт суллана. Харин гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Саатуулагдсан хүмүүсийн дунд 5 хүүхэд байсан. Тэдгээрийг гэрт нь хариулсан. Саатуулагдсан 19 хүний дунд 4 эмэгтэй байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг дээр байгаа гэж хариуллаа.

2 иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь илэрсэн гэх нэмэлт мэдээллийг өглөө.

11.30 цаг: Р.Отгонжаргал: 04.00 цагт 20 орчим иргэнийг түр саатуулсан

Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал мэдээлэл өглөө.

-Өчигдөр өглөө 10 цагаас эхлээд оюутан залуус монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж, үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал хийсэн. Жагсаал цуглаан хийх журамд заасны дагуу зөвшөөрөл авсан жагсаал биш. Залуусын хувьд иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байх талаар удаа дараа анхааруулж сануулсан. Үндсэндээ залууст үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхисон. 18 цагт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гарч ирж уулзсан. Энэ үед залуусын дундаас ундааны сав, талх шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр нэг эмэгтэйн толгойг хагалсан. Бид энэ үед мөн анхааруулсан.

Орой 19-20 цагийн үед жагсаалын бүтэц өөрчлөгдсөн. Насны хувьд, үзэл бодлын хувьд өөр залуус орж ирсэн. Нийтийг хамарсан замбараагүй байдал үүсгэх үйлдэл, үг хэллэг хэрэглэж эхэлсэн. Бид энэ үеэр удаа дараа анхааруулсан. Сүүлдээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, төрийн тусгай объект руу халдах үйлдлүүд гаргаж эхэлсэн. Жагсаал цуглаан намжихааргүй болж, согтууруулах ундаа хэрэглэсэн залуус олноор цугларсан. Удаа дараа залуусыг тарахыг шаардсан. Гэвч жагсагчдын тоо буураагүй, жагсаал намжаагүй. Тиймээс О3.40 минутад албадлагын арга хэмжээ авсан.

04 цаг өнгөрч байхад жагсагчдыг тарахыг шаардсан, эсэргүүцсэн. Эсэргүүцсэн 20 орчим иргэнийг прокурорын зөвшөөрөлтэйгээр түр саатуулсан. 18 хүнийг эрүүлжүүлсэн.

Сэтгүүлчид асуулт асуув:

-Хүүхэд баригдсан юм биш үү? Зүгээр зогсож байгаа хүнийг гуд татаад дэвслээд аваад явж бичлэгт харагдсан.

-Саатуулсан хүмүүс дунд бага насны хүүхэд байхгүй. 18 цагийн үед үзэл бодлоо илэрхийлж байсан эмэгтэйгийн тархийг хагалж, хоёр оёдол тавиулсан. Тэнд жагсаж байсан бүх хүнийг шалгах боломж бололцоо бүрдэхгүй байсан. Талбай дээр зорчиж явсан хүмүүс ч хүүхдүүдтэйгээ явж байсныг та бүхэн харсан. Зүгээр зогсож байгаа хүнийг гуд татсан зүйл огт байхгүй.

-Залуус тайван жагсаж байхад яагаад нохой болон ус шүршигч машин оруулсан бэ. Энэ ямар шаардлага байсан юм бэ?

-Сая хариуллаа. Орой болсон үед жагсаалын бүтэц өөрчлөгдсөн, "Ордон руу дайръя" гэх мэт зүйлс ярьж эхэлсэн. Машины цонх хагалсан, чулуу мод шидэж, гал тавьсан. Цагдаагийн газраас 23 цагийн үед нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа талаар мэдээлэл өгсөн. Жагсаал цуглаанд оролцогчид Их тэнгэрийн ам руу явж эхэлсэн. Энэ үед нь цагдаагийн байгууллагаас замыг нь хааж, жагсаал цуглаанд оролцогчдын тайван алхах, аюулгүй байдлыг хангаж замыг чөлөөлж өгсөн. Их тэнгэрийн аманд очсоны дараа залуустай хэлэлцээ хийх гэж үзсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн залуустай хэлэлцээ хийх ямар ч боломж гараагүй. Тэр үед нэлээн үймээн самуун дэгдээсэн.

Гэсэн ч цагдаагийн байгууллагынхан зөвлөсөөр байсан. Улмаар төрийн тусгай хамгаалалттай бүс болох Засгийн газрын ордноос цагдаагийн байгууллагат мэдээлэл ирүүлсэн. Залуучууд шатаар гарч ирээд, дайрч орж ирэх гээд байна гэсэн. Цагдаагийнхан хүч нэмэгдүүлж очиход байдал нэлээд хурцадмал байдалтай байсан. Цагдаагийн байгууллага 18 цагаас 02 цаг хүртэл зөвлөж ажилласан. Гэвч шаардлага биелүүлэхгүй, дайрч доромжилж эхэлсэн. Цагдаагийн алба хаагчид шаардлага тавиад биелүүлээгүй тохиолдолд бид албадлага хэрэглэх ёстой. Хуулиараа. Та бүхэн ганц нэг бичлэгийн хэсгээс харчихаад яриад байна. Бид зүгээр байгаа хүнийг барихгүй ээ. Залуусыг буруу зүйл рүү уриалаад байгаа хүмүүсийг харж ажиглаж байгаад тэдгээрийг тусгаарлаж, шаардлагатай арга хэмжээ авсны үр дүнд тэр жагсаал цуглаан гайгүй болсон.

Сүүлдээ талбайн төв цэгээс замын голоор алхаж эхэлсэн. Цагдаагийн байгууллага чанга яригчтай машинтайгаар хажуунаас нь автозамаа чөлөөлж, явган хүний замаар явахыг шаардсан ч машин руу чулуу шидсэн. Цаашдаа ноцтой үр дагавар гарахаас бид сэргийлэх үүрэгтэй. Нохой, шүршдэг машины тухайд ярьж байна. Шүршдэг машиныг 2012 онд худалдаж авсан, манай үйл ажиллагаанд ашиглагддаг машин. Жагсаал цуглаан үймээн самуун руу шилжиж ирсэн учир аюулгүй байдлыг хангах үүднээс аваачсан. Тэр дунд "7 сарын 1 шиг болгоё" гэж өдөөн турхирсан хүмүүс ч байсан.

Тэр баригдаж байгаа жагсагчийг өшиглөж байгаа алба хаагчийг дотоодын хяналт шалгалтаар шалгаж байгаа. Тухайн бичлэг аль талаас нь хийгдсэн байна гэдгийг шалгана.

Саатуулагдсан гэдэг нь зөрчлийг таслан зогсоосон гэсэн үг. 19 хүнээс согтууруулах ундаа илэрсэн тул эрүүлжүүлэх байранд аваачсан. Түүнээс тэдгээрийг тортой айхтар газар аваачиж хориод байсан зүйл байхгүй. Саатуулагдсан хүмүүсийн дунд 5 хүүхэд байсан. Тэдгээрийг гэрт нь хариулсан. Саатуулагдсан 19 хүний дунд 4 эмэгтэй байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг дээр байгаа.

Ийнхүү цагдаагийн мэдээлэл дуусав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгүүдийг барьж байгаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгүүдийг барьж байгаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.