/2022.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд жагсаж буй иргэдийн үзэл бодлыг сонсож, асуултад хариулж байна.
Ээжүүдийн төлөөлөл гэж танилцуулсан нэгэн иргэн “Ерөнхий сайд та эмэгтэйчүүд ажилгүй байна, цэрэгт татна гэсэн. Эмэгтэйчүүд ажиллах боломжгүй байгаа шалтгаан нь гэртээ хүүхдээ харахаас өөр аргагүй байдалд байна. Хүүхдээ цэцэрлэгт өгөхийг хүссэн ч орон тоо байдаггүй. Сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт оруулах эсэх нь шийдэгддэг. Цэцэрлэгийн асуудлыг хэзээ шийдэх вэ” гэж асуусан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа, “Би ингэж хэлсэн удаагүй. Ташаа мэдээлэл байна гэлээ. Цэцэрлэгүүдийг барьж байгаа, шаардлагатай бүх зүйлсийг хийж байгааг хэлье. Ерөнхий сайдын хувьд та бүхний доторх бухимдлыг би ойлгож байгаа. Гэхдээ үүнийг нэг өдрийн дотор шийдвэр гаргаад шийдэх боломжгүй. Өөрөөс шалтгаалах бүхнээ шийдлийн төлөө зүтгэнэ гэдгээ амлая. Залуус нийгэмдээ оролцоотой байвал бид олон зүйлийг шийдэж чадна” гэлээ.