/2022.03.18/: Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалга, олон талт арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. “Сурагчийн аюулгүй байдал, эцэг эхийн оролцоо” аяныг эхлүүлж байна.
Зам тээврийн ослоос шалтгаалж: Улсын хэмжээнд сүүлийн 3 жилд 1753 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 1981 хүүхэд хохирч, 166 хүүхэд амиа алдаж, 1817 хүүхэд гэмтэж бэртжээ.
Зам тээврийн ослын улмаас 2020 онд 49, 2021 онд 51 хүүхэд амь нас нь хохирчээ. Хүүхдүүд гэр-сургууль-цэцэрлэг гэсэн маршрутын хүрээндээ зам тээврийн осолд ихэвчлэн өртжээ.
Сүүлийн 20, 21 онд цар тахлын нөхцөл байдалд хорионд байсан атлаа зам тээрийн ослоор хүүхэд гэмтэж, амиа алдах нь буурахгүй байна. Яагаад буурахгүй байгаа шалтгааныг харахаар эцэг эхийн хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан байдаг.
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор нас барсан 51 хүүхдийн 14 нь гэр хашаандаа тоглож байгаад амиа алджээ. 0-6 нас хүртэлх хүүхэд яагаад нас барсныг аваад үзэхээр хамаатан садан, танил найз нөхөд, эцэг эхчүүд нь хашаандаа тээврийн хэрэгслээ байрлуулчихаад хашаанаас гарахдаа хүүхдийг харахгүйгээр дайрч, амь насыг нь хохироож байна.
Мөн орон нутгийн замд хүүхдүүд осолд орж, амиа алдаж байна. Шалтгаан нь хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэхгүйгээр, хүүхдийг буруу тээвэрлэснээс хүүхэд зам тээврийн ослын хохирогч болж байна. Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсоноос болж хүүхэд өртөж амиа алдаж байна.
Сэлэнгэ аймагт бага насны гурван хүүхдээ авч яван, машинаа барьж явснаас онхолдож, хоёр нь амиа алдсан хэрэг гарсан. Согтуу үедээ хүүхдээ тээвэрлэдэг, хүүхдээ өмнөө барьж цагдаагийн алба хаагчтай маргалдах тохиолдол ч гардаг.