/2022.02.28/ Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа цаг үеийн байдал, эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлс, хэрэгжүүлж буй ажлын тухай мэдээлэл хийж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 1,4 хувьтай гарсан. Энэ бол мэдээж бидний төсөөлж, хүсэж байсан тоо биш. Нэлээд чамлалттай дүн гарсан. Үүнтэй холбогдуулан 2022 онд эдийн засгийг 1,4 хувиас илүү өсгөх ямар боломж байна гэдэг тооцоо судалгааг хийж байгаа.
Цар тахал тогворжиж байна. Үүнийг дагаад эдийн засаг илүү сэргэх байх гэж бодож байсан ч Орос-Украины асуудлаас болоод эргээд төвөгтэй болж эхэлж магадгүй байна.
Манай улс шатахууны хувьд ОХУ-аас бараг 100 хувь хараат байдаг. Гэтэл ОХУ-ын өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж энэ асуудал хүндэрч болзошгүй байна.
Мөн бусад улс орнууд ОХУ-д хориг тавьж байна. Европын холбоо, АНУ ОХУ-ын нэр нөлөө бүхий таван банкийг SWIFT сүлжээнээс хассан. Хэрэв манайх төлбөр тооцоогоо уг банкуудаар дамжуулж хийдэг бол бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжгүй болох эрсдэл үүсэж байна.
Монгол Улс шатахуунаас гадна Европоос ОХУ-аар дамжиж манайх хүнсний бүтээгдэхүүн авдаг. Энэ мөн адил зогсох эрсдэлтэй байна. Одоогоор ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна гэлээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдана гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн юм.