/2022.02.23/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.
Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ.
Тэрбээр:
-Амгалангийн дулааны станцын өргөтгөх төслийн бэлтгэл ажлын хүрээнд тендерийн үнэлгээний хороо энэ сард байгуулагдан тендерийн баримт бичгийг боловсруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа.
Мөн дулааны IV станцыг 500 тн/ц уур үйлдвэрлэх хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн ТЭЗҮ-ийг энэ сард баталсан бөгөөд санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн банкинд хүсэлт гаргаад байна.
Улаанбаатар хотод өвлийн оргил ачааллын үед дулаан хангамжийн сүлжээтэй хослон ажиллах дөрвөн хийн эх үүсвэр барихаар төлөвлөсөн.
Хийн дулааны дөрвөн эх үүсвэр барих санхүүжилтийг улсын төсөвт үе шаттайгаар тусгуулан хэрэгжүүлнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын танилцуулгатай холбогдуулан
“Монголын эдийн засгийн чуулга уулзалт-Шинэ сэргэлтийн бодлого” арга хэмжээ болон түүний хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах үндэсний болон орон нутгийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа.
“Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сарын 7,8-нд болно. Долдугаар сард “Наадам- чуулга уулзалт”, арваннэгдүгээр сард “Invest Mongolia” уулзалт зохион байгуулна.