
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хён нар өнөөдөр Сөүл хотноо уулзаж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, худалдаа, технологи болон бусад салбарын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцлээ.
БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр хоёр улсын сайд нарын уулзалт нь БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дараа хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд болжээ.
Уулзалтын үеэр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хён хоёр улсын хооронд Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (CEPA) байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Түүний үзэж буйгаар, уг хэлэлцээр байгуулснаар хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх институцийн үндэс бүрдэх юм.
Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Ховор металлын хамтын ажиллагааны төв”-ийг ашиглан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын өртгийн сүлжээний бүх үе шатанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.
Тус төв нь БНСУ-ын Монгол Улсад хэрэгжүүлж буй албан ёсны хөгжлийн тусламжийн төслийн хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээгдсэн юм.
БНСУ-ын сайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй солонгосын компаниудын бизнесийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж, Монголын хот байгуулалтын салбарт хамтран ажиллах санал тавьсан байна.
Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хиймэл оюун ухаан (AI), уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг олон салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн уулзалтын үеэр БНСУ-ын тал Солонгосын хойгт энх тайван тогтоох бодлогоо танилцуулж, Монгол Улсаас дэмжлэг хүссэн бөгөөд сайд Б.Батцэцэг уг бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийж буй сүүлийн 10 жилийн хугацаан дахь анхны айлчлал болж байгааг Yonhap агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.