
"Ногоон автобусны" гэх тодотголтой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын Газраас А.Ганхуяг нарын 24 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “Залилах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба уг хэрэг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн.
Өмнөх хүчин төгөлдөр болсон шийдвэрээр шүүгдэгч А.Ганхуяг нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасч, 3 жилийн хорих ялаа,
Шүүхээс шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Э, Ли, Ким нарын үйлдсэн “Залилах” гэмт хэрэг, Ч.М үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон хэлбэр оролцоо, учирсан хохирол, хор уршиг буюу нийт 88.458.960.700 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ганхуяг төлж барагдуулж хохиролгүй болгосон байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзэж дараах ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч А.Ганхуягийг “Залилах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон үйлдэлд 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 1 /15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож/ хоногийг хасч, нийт 39.985.000 төгрөгөөр тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр,
Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ли, “Залилах” гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 13 /нэг хоногийг 15 нэгж тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож/ хоногийг хасч, нийт 29.805.000 төгрөгөөр тогтоож,
Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким-ыг “Залилах” гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 14 /нэг хоногийг 15 нэгж тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож/ хоногийг хасч, нийт 34.985.000 төгрөгөөр тогтоож,
Шүүгдэгч Ж.Э “Залилах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйлдэлд 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр,
Шүүгдэгч Ч.М “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилээр хасч, 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг оршин суух дүүргээс гарахыг хязгаарлаж тус тус шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.