АНУ-ын Ардчилсан нам 1992 оноос хойших хамгийн том ялалтаа байгууллаа
 

АНУ-ын Ардчилсан нам 1992 оноос хойших хамгийн том ялалтаа байгууллаа

АНУ-ын 2026 оны завсрын сонгуулийн дараах санал тооллогын үр дүнд Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд дор хаяж 258 суудал авч, 1992 оноос хойших хамгийн олон суудалтай олонх бүрдүүлэхээр боллоо. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд улс төрийн томоохон сорилт болж байна.

Ардчилсан намын ялалтыг баталгаажуулахад Хойд Каролина мужийн тавдугаар тойргийн сонгуулийн үр дүн чухал нөлөө үзүүлжээ. Тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Чак Хаббард Бүгд найрамдах намын төлөөлөгч Виржиниа Фоксыг ялсан байна. Фокс 2004 оноос хойш уг тойргийг төлөөлж байсан бөгөөд саналын зөрүү бага байсан тул дахин тооллого явуулжээ. Улмаар арваннэгдүгээр сарын 22-нд тэрбээр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.

Ардчилсан намын ялалтад иргэдийн амьжиргааны өртөг, инфляц, шатахууны үнэ болон Трампын засаг захиргааны бодлогод тавих шүүмжлэл нөлөөлсөн гэж олон улсын хэвлэлүүд дүгнэжээ. Түүнчлэн Ирантай холбоотой цэргийн ажиллагаа, түүнээс үүдсэн эдийн засгийн дарамт сонгогчдын анхаарлыг татсан асуудлуудын нэг байв.

Энэхүү сонгуулийн үр дүнгээр 2027 оны нэгдүгээр сараас АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ардчилсан намын хяналтад шилжих юм. Ингэснээр Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах намын төлөөлөл хэвээр үлдэх ч түүний засаг захиргаа хууль тогтоох байгууллагын зүгээс илүү хүчтэй хяналттай тулгарах нөхцөл бүрдэж байна.

Ардчилсан намын Төлөөлөгчдийн танхим дахь бүлгийн дарга Хаким Жеффрис танхимын даргын албан тушаалд нэр дэвшихээр байгаа бөгөөд сонгогдвол АНУ-ын түүхэн дэх анхны хар арьст Төлөөлөгчдийн танхимын дарга болох юм.

Шинэ бүрэлдэхүүн ажиллаж эхэлснээр Ардчилсан нам Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрүүдийг хамгаалах, өрхийн амьжиргааны зардлыг бууруулах зэрэг асуудлыг тэргүүлэх чиглэл болгохоор төлөвлөж байна.

Шинжээчдийн анхаарал одоо АНУ-д эрх мэдлийн хуваарилалт хэрхэн өөрчлөгдөх, Трампын гадаад болон дотоод бодлогод Конгресс ямар нөлөө үзүүлэхэд төвлөрч байна.

ЧУУЛГАН | Энэ долоо хоногт хэлэлцэх асуудал, тов, дараалал
ЧУУЛГАН | Энэ долоо хоногт хэлэлцэх асуудал, тов, дараалал
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.