/2022.2.13/ Хоёрдугаар сарын 16-ны өдөр тун сонирхолтой форум Новотел зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.
Яагаад хүүхдийн эмнэлэг, дунд сургуулийн хүрэлцээ муу, ээжүүд хүүхдүүдээ түрээд хотын гудмаар алхах бололцоогүй, агаарын бохирдол хэзээ ч шийдэгдэхгүй байсаар байтал Банкны тухай хууль батлагдаж, дэлхийн дулаарлын талаар хэлэлцэж, метро барина гэж ярьдаг юм бол гэж Та бодож үзсэн үү?
Энэ нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо ямагт цөөн байсаар ирсэнтэй шууд биш боловч холбоотой. Тэгвэл яагаад эмэгтэйчүүд "хүч чадлаараа" өрсөлдөөд шийдвэр гаргах түвшинд гарчихдаггүй юм бэ?
Улстөрийн үйл ажиллагааны зардал өндөр байх тусмаа эмэгтэйчүүд оролцоонд саад тотгор болдог гэдгийг олон судалгаа баталжээ.
Монгол Улсад улс төрийн санхүүжилтийг хуулиар нарийвчлан зохицуулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай санаачлага сүүлийн дөрвөн парламент дараалж хөндөгдөж байгаа боловч тодорхой шинэчлэл хүлээгдсээр байна.
Тиймээс яг энэ асуудлыг хөндөхөөр энэхүү "Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Төлөөлөл ба мөнгө" форумыг МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй ““Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.
ФОРУМААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
"Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Төлөөлөл ба мөнгө" форумаар улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд үзүүлж буй үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй саад бэрхшээлүүдийг арилгах шийдлийн хувилбаруудыг хэлэлцэх, холбогдох талуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн шинэчлэлд дуу хоолойгоо хүргэх нөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэх зорилготой.
Форумаар дараах асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ:
- Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлын ардчилал, төлөөлөлд үзүүлэх нөлөө
- Эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад ээлтэй улс төрийн санхүүжилтийн боломжууд
- Төсвийн санхүүжилт ба жендэрийн тэгш байдлыг дэмжсэн санхүүжилтийн хувилбарууд
- Улс төрийн санхүүжилтийн хууль зүйн зохицуулалтыг сайжруулах саналууд
ХЭН ФОРУМД ОРОЛЦОХ ВЭ?
Улс төрийн намын гишүүн болон намын харъяалалгүй эмэгтэй улс төрчид, холбогдох төрийн байгууллага, судлаач, иргэний нийгмийн төлөөлөл, сонирхсон иргэд нийт 100–120 хүн танхимын болон цахим хэлбэрээр оролцоно.
Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илэйн М.Конкиевич, УИХ-ы дэд дарга С.Одонтуяа оролцож нээх бөгөөд УИХ-ын гишүүд, улс төр, жендэрийн судлаачид, улс төрийн намуудын манлайлагч эмэгтэйчүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.