/2022.01.26/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г 10 дахь жилдээ танилцууллаа.
Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр гардаг нарийн тооцоолуур юм. Энэхүү 175 шалгуур үзүүлэлтээс статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 141 шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн байжээ.
Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгджээ.