/2022.1.17/ Улсын дээд шүүх өнгөрөгч баасан гарагт “Кью Эс Си” компанитай холбоотой дараах шийдвэрийг гаргасан юм. Шийдвэр:
“Кью Эс Си” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192,572,187,590.244 /нэг зуун ерэн хоёр тэрбум таван зуун далан хоёр сая нэг зуун наян долоон мянга таванзуун ер/ төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахыг Улсын дээд шүүх шийдвэрлэлээ”.
ЭРГЭН САНАЦГААЯ,
2014 онд “Кью Эс Си” ХХК нь Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээлийг авсан юм.
Зээлийн гэрээгээр 2018 оны арванхоёрдугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан ч тус компани зээлээ төлөөгүй.
Дээрх үйл ажиллагаа нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд хийгдсэн ажил юм. Жилд 7-8 сая тонн ачаа тээвэрлэх энэ төмөр замыг барьж, Монголын төмөр зам компанид 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Засгийн газрын тогтоолоор шилжүүлжээ. 2016 оны 04 сарын 03-наас тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.