/2022.01.07/: Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж буй өсвөр насны хоригдлын Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж эхэллээ.
Мөн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны өөрчлөлт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр сурч боловсрох болон эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, орчны нөхцөл байдлын талаар шалгалтыг явуулж байна.
Шалгалтын бүрэлдэхүүн өсвөр насны хоригдлоос санал асуулга авах, бүлгээр болон ганцаарчлан уулзалт хийх, хорих байрны нөхцөл байдалтай танилцах, хорих ангийн удирдлага, албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар авч, холбогдох бичиг баримттай газар дээр нь танилцан ажиллаж байна.
Уг шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох албан тушаалтанд шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм.
Хяналт шалгалтын бүрэлдэхүүнийг Комиссын гишүүн Б.Энхболд ахлан, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, референт Б.Нандинцэцэг, Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Ариунтамир, С.Энхзаяа нар ажиллаж байна.
Эх сурвалж: ХЭҮК