“Сурагчдын хоцрогдлыг арилгахад 373 тэрбум төгрөг шаардлагатай“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сурагчдын хоцрогдлыг арилгахад 373 тэрбум төгрөг шаардлагатай“

/2022.01.08/ УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Улсын хэмжээнд 178 мянган хүүхэд теле болон цахим хичээлд суух боломжгүй байна. Энэ нь дээрх арга барилаас өөр гарц, шийдэл хайх ёстойг харуулж байна. Мөн теле хичээлийн чанар муу байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс эцэг эх, багш нарт гарын заавар зөвлөмжийг хүргүүллээ.

Сургуулийн орчинд хүүхдийг аюулгүй байлгах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, нийгмийн халамж үйлчилгээ зогссоны улмаас хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлүүлэх явдал нэмэгдсэн байна. 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар гэмт хэргийн улмаас 1,223 хүүхэд хохирч, 75 хүүхэд нас барж, 494 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9,9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Иймд энэ жилээс эхлэн ЕБС-д боловсролын сэтгэл зүйч ажиллуулж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 150 сургуульд мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж байна. Цаашид ерөнхий боловсролын бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Энэ хичээлийн жилийн онцлог гэвэл,

  • Хичээл, сургуулийг үйл ажиллагааг есдүгээр сарын 1 буюу хугацаанд нь нээсэн
  • Хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр зохион байгуулсан
  • Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулсан
  • 150 сургууль сэтгэл зүйчтэй болсон зэргийг дурдаж болно.

Танхимын сургалтын зайн сургалт бүрэн орлож чадахгүй, сурагчдын тухайн ангид эзэмших ёстой мэдлэг чадварт тодорхой алдагдал үүссэн болохыг саяхан хийсэн судалгааны үр дүн харуулж байна.

ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх цогц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг БШУ-ны сайдад даалгасан. Хоцрогдлыг нөхөх арга хэмжээг эргэх холбоо, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван үе шаттайгаар 2021-2023 онд хэрэгжүүлнэ. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд 373 тэрбум төгрөг шаардлагатай. НҮБ-ын хүүхдийн сан, АХБ, Дэлхийн банк, "Жайка"-ын Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг ОУ-ын байгууллага дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна" гэв.

Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.