Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикрон хувилбарыг ПГУ-д суурилсан NGS буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох аппаратаар илрүүлэх боломжтой" хэмээн хэлж байв. Өөрөөр хэлбэл манай улс дотооддоо Омикрон хувилбарыг илрүүлэх бүрэн боломжтой хэмээн тухайн үед мэдээлж байсан юм.
Харин тэрбээр өчигдөр Засгийн газрын хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр "10,11,12 дугаар сарын шинжилгээний 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Өмнө нь альфа, дельта хувилбарыг илрүүлэх шинжилгээний сорьцыг ч мөн ингэж илгээж баталгаажуулдаг байсан. Дээрх 100 шинжилгээний хариу энэ сарын сүүлээр ирнэ" гэсэн юм.
Манайх ДЭМБ-ын тусламжаар геномийн дараалал тогтоодог аппаратыг 2021 оны арванхоёрдугаар сарын эхээр ХӨСҮТ-д суурилуулж эхэлсэн байдаг. Аппаратыг тухайн сарын 20-ноос эхлэн ажиллуулж, шинжилгээ хийж эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлж байлаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, "Шинжилгээний хариу 5-10 хоногт гарна" хэмээн хэлж байсан ч одоогийн байдлаар нэг ч шинжилгээний хариу эцэслэгдэн гараагүй байна.
Үүнээс үзэхэд нэг бол омикрон хувилбарын генийн дарааллыг Монголдоо шинжилж болно гээд, үгүй бол сүүлийн саруудад авсан шинжилгээг Япон улс руу явуулсан гэсэн хариу өгч байгаа нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд байна.