Коронавируст халдварын шинэ хувилбартай холбоотойгоор дэлхийн зарим улс орнууд дахин хөл хорио тавьж, багагүй хүндрэлүүд бий болж байна. Тэгвэл Монгол Улс ковид-19 халдварын шинэ хувилбар болох Омикроноос хэрхэн сэргийлж байгаа талаар УОК-ийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяртай ярилцлаа.
-Манайх Омикрон хувилбартай холбоотойгоор ямар сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Манай улсын хувьд арваннэгдүгээр сарын 26-наас хойш хилийн тандалт хийж байна. Холбогдох албан тушаалтнууд нягт уялдаатай хамтарч ажиллаж байгаа. Хэрэв хил дээр маш сайн хяналт тавьж ажиллаж чадвал нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна.
Үүний тулд хилээр орж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч эерэг гарсан тохиолдолд тусгаарлаж байгаа. Халдвар авснаас хойш 3 юм уу 4 дэх хоног дээр нь эерэг гарч байгаа учраас хилээр орж ирж байгаа иргэдийг 72 цаг тусгаарлан сөрөг гарсан тохиолдолд гэр рүү явуулж байна.
-Манай улсад шинэ хувилбар бүртгэгдэх, хүн амын дунд тархах эрсдэл хэр их байгаа вэ?
-Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Монголд ес, аравдугаар сард Дельта хувилбарын маш том давлагаа үүссэн. Үүнтэй ижилхэн Омикроны давлагаа үүсэх эрсдэл байгаа.
Тиймээс үүнийг саармагжуулахын тулд хилийн хяналт шалгалтыг маш сайн хийхийг зорьж байна. Гэхдээ гадны улс оронд аялж яваад ирсэн хүмүүсийн ихэнхээс халдвар илэрч байгаа нь эрсдэл дагуулж байна. Ах дүү, хамаатан саднаараа явж байгаа хүмүүс нэг нэгэндээ халдвар тараах явдал их гарч байгаа.
Монголчуудын ихээр зорчдог Европын холбооны улс, Турк, Мальдив, Тайландад Омикрон хувилбарын давлагаа гарчихсан байна. Ерөнхийдөө гадны улс орнуудад нөхцөл байдал хүндэрч байгаа. Тухайлбал, Их Британи улсад ердөө 7 хоногийн өмнө Омикрон хувилбартай холбоотой хамгийн анхны нас баралт бүртгэгдэж байсан бол өнөөдөр 12 болсон байна. Өнөөдрийн байдлаар тус улсад шинэ хувилбарын 37 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа ч энэ оны сүүлээр дээрх тоо 1 саяд хүрнэ гэсэн тооцоолол байна.
Ер нь дэлхийн 100 гаруй улсад Омикрон хувилбар бүртгэгдчихээд байхад ийш тийшээ аялахаар явж байгаа нь маш том тэнэглэл шүү дээ. Гал гарч байгаа газар руу үүргэвчээ үүрээд явж байна гэдэг маш эрсдэлтэй. Энэ нь хувь хүнийг эрсдэлд оруулахаас гадна гэр бүлийнхэн болон вакцин хийлгээгүй 12-оос доош насны хүүхэд, ахмад настнуудыг давхар эрсдэлд оруулж байгаа хэрэг.
Тиймээс иргэдийг онцын шаардлагатай буюу ажил амьдрал, эрүүл мэндийн хүнд шалтгаантай үед л гадагшаа зорчихыг зөвлөж байна.
ДОТООДЫН ХАЛДВАРЫН ТОО ЭРС НЭМЭГДЭЖ БАЙВАЛ ҮҮНИЙГ ОМИКРОН ГЭЖ МЭДЭХ БОЛОМЖТОЙ
-Хэрэв Омикрон хүн амын дунд тархвал хэдий хэр хугацааны дараа халдварын давлагаа үүсэх вэ?
-Хэрэв улсын хилээр ороод ирэх л юм бол нэг сарын дараа үүснэ. Ер нь тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэх хугацаа нь 1-2 хоног л байдаг. Өөрөөр хэлбэл 1-2 хоногийн хугацаанд л халдварын тоо эрс нэмэгдэнэ гэсэн үг.
-Омикрон хувилбарын халдварлах чадвар Дельтагаас хэд дахин их вэ?
-Харьцуулж үзвэл, Дельта хувилбараар 10 хүн халдварлахад тухайн тохиолдлуудаас гадна дахиад 8-10 хүн өвчилдөг байсан бол Омикрон 44 хүнд зэрэг халдварлах чадвартай.
Шинэ хувилбар илүү их мутацид орсон учраас хүнд халдварлах чадвар маш өндөр. Зүйрэлбэл хүний эс рүү онгорхой хаалга, цонхоор орж байгаа юм шиг л хялбархан нэвтэрдэг гэсэн үг.
-Омикроны үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Томуу томуу төст өвчнийхтэй төстэй. Омикрон туссан хүнд нус гоожих, хоолой өвдөх, ханиах, толгой өвдөх, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа.
Мөн дээрх шинж тэмдгүүд илрэхээс гадна дотоодын халдварын тоо эрс нэмэгдэж байвал үүнийг Омикрон гэж мэдэх боломжтой.
-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх яагаад маш сул байна вэ? Тэдгээр эхчүүд ямар вакцин хийлгэх хэрэгтэй вэ?
-Энэ бүлгийн хүмүүсийн 90 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй байна. Жирэмсэн эмэгтэйчүүд Пфайзер вакцин хийлгэх боломжтой. ДЭМБ, АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас тус вакцин ургийн эрт, хожуу үед ч ураг болон эхэд ямар нэг гаж нөлөөгүй гэдгийг нотолчихсон.
Эмэгтэй хүн жирэмсэн болоход гормоны өөрчлөлт орж дархлааны систем нь унадаг. Өөрөөр хэлбэл тэдний дархлаа эрс сулардаг гэсэн үг юм. Мөн амьсгалын дээд зам хөөж, хэвлийн хөндийн өрц өргөгдсөнөөр уушгины агааржилт багасдаг. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд ганцхан ковид-19 гэхгүй, сүрьеэ зэрэг амьсгалын замын өвчин тусах магадлал өндөр байдаг. Вакцин хийлгээгүйгээс болж хүндэрдэг, эрсдэлд ордог тохиолдлууд их гардаг. Тиймээс эдгээр эмзэг бүлгийн хүмүүс вакцин хийлгэх шаардлагатай байгаа юм.
-Гуравдугаар тунгийн хамрагдалтыг хэзээ 50 хувьд хүргэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бүүстэр тун Омикроноос хамгаална гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Бидний зүгээс 2021 оны сүүл гэхэд хүн амын 50 хувийг гуравдугаар тунд хамруулж дуусна гэсэн зорилго тавьж байсан. Гэтэл хүн амын дархлаажуулалтад хамрагдах идэвх сул байна.
Бусад улс орнуудын хувьд аль болох Омикрон хувилбарын давлагаа үүсэхээс өмнө иргэдээ бүрэн дархлаажуулахыг зорьж байна. Учир нь дараагийн давлагаа үүсэхэд эрүүл мэндийн салбартаа ачаалал бага өгч, хүн амаа эрсдэлд оруулахгүйг хичээж байгаа юм.
Иргэд дархлаажуулалтад хамрагдахгүй байгаа нь тэдний эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.
-Манайх өөрсдөө генийн дараалал илрүүлэх шинжилгээ хийгээд эхэлчихсэн шүү дээ. Нэг зэрэг хэдэн сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай вэ?
-Хүчин чадал маш сайн. Нэг зэрэг 96 сорьцод шинжилгээ хийх боломжтой. Шинжилгээний хариу 5-10 хоногийн дараа гардаг.
-Ярилцсанд баярлалаа