/2022.01.06/: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд аж ахуй эрхлэгчдийн холбоодоос бүрдсэн “МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ” 2021 оны 12 сард байгуулагдаж, мэргэжлийн холбоодыг нэгтгэн цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Тус зөвлөл өнөөдөр анхны форумаа Монголын худалдаа Аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж, төрийн 10 гаруй байгууллагын удирдах албан тушаалтнууд, 17 гишүүн холбооны төлөөлөл болон 120 гаруй бизнес эрхлэгчид, ТББ-ын төлөөлөл оролцлоо.
ФорумдУИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа болон ШӨХТГ, ТХААГ-ын удирдах албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Шадар сайд С.Амарсайхан тус форумыг нээж хэлсэн үгэндээ:
Цар тахал бидэнд том сорилт учруулахын зэрэгцээгээр том зорилт тавьж ажиллахыг шаардаж байна. Тахлын улмаас улс орнуудын хил гааль дээр асуудал үүсч, экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэнд тасалдал гарч байгаа нөхцөлд эх орны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх боломж бүрдэж байгааг та бүхэн анхаарч чанар, стандартад илүү нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэглээг хангах нь чухал юм. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх бодлого гарган зургаан зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Үүний нэг болох хилийн боомтуудын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд бид боомтуудын тоог нэмэгдүүлж, чөлөөт бүсийн хөгжлийг урагшлуулна. Мөн эрчим хүчний сэргэлтийн бодлогийн хүрээнд байгальд ээлтэй цахилгаан станци барьж, дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хөрш орнуудад эрчим хүч экспортлохоор төлөвлөж байна.
Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тендерийн шалгуурт хамгийн бага үнийн шалгуур нэрийн дор албан тушаалтны цүнхний компаниуд ордог, ажил хийдүүлдэг, чанаргүй гүйцэтгэдэг байдлыг болиулж, чанар стандартыг гол шалгуур болгоно.
Төрийн хяналт шалгалт авлигийн хэрэгсэл байх ёсгүй учраас Хяналт шалгалтын тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой саналууд гарган ажиллаж байна.
Мөн төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, стандартыг цөөлөх, төрийн давхардсан чиг үүргийг халах, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих чиглэлд анхаарч ажиллана.
Форумаас гарсан ажил хэрэгч, бодит саналыг төрийн шийдвэр болгон хэрэгжүүлэхэд салбар хариуцсан Шадар сайдын хувьд анхаарч, та бүхэнтэй хамтран ажиллана” гэв.
Зөвлөлөөс Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх, тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах зорилгоор анхдугаар форумыг зохион байгуулж байгаагаа уламжиллаа.
Форумаар Зөвшөөрлийн хуулийн тухай хуулийн төслийн танилцуулга, Жижиг дунд үйлдвэрийн салбарын санхүүжилт, Төрийн худалдан авах үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга хэмжээ, Стандарт хэмжил зүйн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг сэдвээр илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Зөвлөлөөс төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, чиг үүргийн давхардлыг арилгаж, аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх дарамтыг бууруулах, бизнес эрхлэгч болон аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл солилцох, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, гарц шийдэл хайх зорилготой гурван удаагийн хуралдааныг форумын өмнө зохион байгуулсан байна.
Эх сурвалж: ШСАА