/2021.12.06/: Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулав.
Тус эрдэм шинжилгээний хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо: Асуудал, шийдэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тэрээр Монгол Улс 2021 оны байдлаар Дэлхийн шударга ёсны үзүүлэлтээр (World justice index) Хүний эрхийн төлөв, байдал 2021 оны байдлаар үндсэн эрхийг хангах хүрээнд 139 улсаас 63 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд, эрүүгийн шүүхийн шударга байдлаар 57 дугаарт, хэв журмын аюулгүй байдлын хүрээнд 58, авилгыг устгах хүрээнд 81, иргэний шүүхийн шударга байдлаар 63, нээлттэй засаглалын байдлаар 72 дугаарт байгааг онцоллоо.
Тус эрдэм шинжилгээний хурлаар салбарын эрдэмтэн, судлаачид тулгамдсан асуудлаа шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тодорхойлж, боломжит гарц, шийдлийг санал болгон хууль зүйн салбарын өнөөгийн байдлыг тоймлон цаашдын хөгжлийн хандлагыг тандах зорилготой. Хуралд ХЗДХЯ болон харьяа агентлаг, байгууллага, прокурор, шүүх, нотариат, өмгөөллийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцож байна.
Эх сурвалж: ХЭҮК