/2021.12.02/: НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий бага хурлын 19 дүгээр чуулган энэ оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо “Илүү сайхан ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан чуулганы ерөнхий санал шүүмжлэлд цахимаар оролцож, үг хэлэв. Сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, цар тахлын нөлөөгөөр дэлхийн улс орнуудад тулгараад буй хөгжлийн сорилт, бэрхшээлийг даван туулахад ЮНИДО-ын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, Монгол Улс цаашид тогтвортой хөгжлийн 9 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд ЮНИДО-той хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Энэ удаагийн чуулганаар тус байгууллагын 2019, 2020 оны үйл ажиллагааны тайлан, 2022-2023 оны төсөв, ЮНИДО-ын эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, жендерийн эрх тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх чиглэлээрх арга хэмжээ зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
Эх сурвалж: ГХЯ