/2021.11.24/ Хүйтний улирал эхэлж, цас ороход Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим огцом нэмэгддэг. Энэ үеэр иргэд хэдэн цагаар зам дээр түгжирч багагүй бухимдал бий болдог билээ.
Бид замын түгжрэлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг тусгай хамгаалалттай цуваа дагалдах нь ямар хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл вэ?
-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар нь нэгдүгээр зэрэглэлийн тусгай хамгаалалтад байх бөгөөд үүнд нь цагдаагийн алба хаагчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Бусад улс орны тэргүүлэгчид ч гэсэн нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад зорчдог.
-Энэ цуваа замын хөдөлгөөний ачааллыг хэр нэмэгдүүлдэг вэ?
-Тэднийг зорчих үед замын хөдөлгөөнийг түр хааж, зорчиж дууссаны дараа иргэдийн тээврийн хэрэгслийг явуулдаг. Энэ үед замын ачаалал, түгжрэл тийм ч их үүсдэггүй. Учир нь төрийн гурван өндөрлөг ийш тийш холхиод байдаггүй.
- Өөр ямар нөхцөлд түгжрэл ихэсдэг вэ?
- 103 түргэн тусламжийн машин хөдөлгөөний эрчим нэмэгдэхэд ихээхэн нөлөөлдөг. Учир нь нэг түргэн тусламжийн машин уулзвараар гарахад 3-4 уулзварын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Бидний нэн тэргүүний зорилт бол түргэний машиныг саадгүй нэвтрүүлэх. Түгжрэлийн улмаас тусламж авч чадалгүй нас барлаа гэж ар гэрийнхэн нь бидэн рүү уйлж ярьж байсан тохиолдол ч байдаг.
Хамгийн их түгжрэл үүсгэдэг зүйл бол зам тээврийн осол. Энэ нь иргэдийн анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, яарч сандран гэрлэн дохио зөрчдөг байдлаас шалтгаалж байна.
Өдөрт дунджаар 320-340 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ирдэг. Ялангуяа өглөөний цагаар хамгийн их байна.
Өчигдөр гэхэд л манайд 315 дуудлага мэдээлэл ирснээс 284 нь автомашин мөргөлдсөн гэсэн дуудлага байсан. Нэг зам тээврийн осол гарахад зам чөлөөлөх хүртэл 20-60 минут болдог. Тиймээс осол аваар нь түгжрэлд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл юм.
Иргэд тээврийн хэрэгсэл худалдан авах нь эрс ихэссэн. Нэг өдөрт гэхэд авто тээврийн үндэсний төвд 120-150 тээврийн хэрэгсэлд улсын дугаар авдаг тоон мэдээ бий.
- СОНИРХОЛТОЙ ТООН МЭДЭЭ -
Улсын хэмжээнд 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.
Улаанбаатар хотын замын түгжрэлийн оргил ачааллын үеэр 600-700 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна.
Мөн одоогийн байдлаар нийт 1 сая 494 мянган иргэн жолооны үнэмлэхтэй юм.