/2021.11.08/: Өнгөрсөн Ням гарагт Хьюстон хотод болсон рэп од Травис Скоттын “Astroworld” хөгжмийн наадмын үеэр хүмүүсийн хөлд дарагдан наанадаж найман хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан хэргийн талаар мөрдөн байцаалтын хоёр ажиллагаа явагдаж байгаагийн нэг нь эрүүгийн гэмт хэрэг юм байна.
Хьюстоны албаны хүмүүс баасан гарагт болсон хэргийн хохирогчдын цогцсыг ар гэрийнхэнд нь буцааж өгөхийн тулд аль болох хурдан задлан шинжилгээ хийж, нас барагсдын заримынх нь үхлийн шалтгааны дүгнэлтийг ням гарагт гаргах төлөвтэй байгаа гэж мэдэгдэв.
Амиа алдсан хүмүүс залуучууд байсан гэж Хьюстон хотын дарга Сильвестер Тернер бямба гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ: хоёр нь 14, 16 настай, хоёр нь 21 настай, хоёр нь 23 настай, долоо дахь нь 27 настай байжээ.
Найм дахь хохирогч хараахан тогтоогдоогүй байна гэж нэмж хэлжээ.
Харрис тойргийн шүүгч Лина Хилдаго эмгэнэлт явдлын талаар "объектив, хараат бус" мөрдөн байцаалт явуулахыг уриалж, рэп фестивалийг 50,000 шүтэн бишрэгчид нь үзсэн талаар дурьдаад энэхүү золгүй явдал болсон тухай ярьжээ.
"Магадгүй тоглолт зохион байгуулах төлөвлөгөө хангалтгүй байсан эсвэл төлөвлөгөөний дагуу ажиллаж чадаагүй байх. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, гэмтсэн хүмүүс хариулт авах ёстой" гэж Хилдаго хэлэв.
Бямба гарагт твиттер хуудсандаа нийтэлсэн 90 секундын видео бичлэгт Скотт тайзан дээр байхдаа "Би нөхцөл байдлын ноцтой байдлыг төсөөлж ч чадахгүй байсан" гэжээ. Тэрээр энэ үйл явдалд өөрийгөө "үнэхээр их түгшсэн" гэж тодорхойлсон.
Хьюстон хотын цагдаагийн дарга Трой Финнер хэлэхдээ, үзэгчдийн дунд байсан хэн нэгэн хүмүүст хар тамхи тарьсан гэсэн мэдээлэл ирсэний дараа тэдний хэлтэс хүн амины хэрэг, хар тамхины хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ажээ.
Хотын гал түймрийн албаны дарга Самуэль Пена хэлэхдээ, концертын үеэр хэд хэдэн үзэгчдийг мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний эсрэг Наркан эмээр сэргээх шаардлагатай болсон, тэр дундаа хамгаалалтын ажилтаны хүзүүнд бас мансуурах бодис тарьсан байсан гэнэ.
NRG цэцэрлэгт хүрээлэнд 21.30 цагийн үед гарсан эмэгнэлт явдал тохиолдсоны дараа хоёр өдөр үргэлжлэх байсан наадмын үлдсэн хэсгийг цуцалжээ. Нээлтийн өдрийн оргил мөчид Грэммигийн шагналд нэр дэвшсэн дуучин, продюсер Скоттын тоглолтын үеэр дээрх хэрэг явдал гарсан байна.
Амиа алдсан хүмүүс тайзны ойролцоо зогсож байсан бөгөөд хүмүүс бөөнөөрөө шахах үед зарим нэгнийх нь зүрх зогсч, бусад нь гэмтэлийн улмаас нас барсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Эх сурвалж: reuters