Хүний эрх. Амьд явах, эрүүл орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах бол нэн тэргүүний эрх байдаг.
Аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хангалттай бус учир нарийн оношилгоо, эмчилгээнд орохын тулд иргэд хотыг барааддаг. Ялангуяа хүүхдийн эмнэлэгийн хувьд асуудал тун хэцүү.
Нийт 21 аймгийн 16 аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасаг ажилладаг. Эмнэлэг биш. Харин Бүсийн оношилгооны төв 5 байдаг бөгөөд мөн хүүхдийн асуудал хариуцсан тасагтай. Гэхдээ эдгээрээс нарийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг нь тун цөөн.
Аймгуудад хүн амын тал хувь нь амьдардаг гээд бодвол хүүхдийн тоо төдий хэмжээнд байгаа.
Харин нийслэлийн есөн дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасаг ажилладаг. Хүүхдийн бие даасан эмнэлэг гэвэл Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төв 1, 2 дугаар төв ажиллаж байна.
ӨНГӨРӨГЧ ОНД ӨВЧНИЙ УЛМААС 1280 ХҮҮХЭД ХОРВООГ ОРХИЖЭЭ
Хүүхдүүдийн амь нас эрсдэж байгаа шалтгаан нь хүүхдийн амьд явах эрх төдий хэмжээнд зөрчигдөж байгааг илэрхийлнэ.
Зөвхөн өнгөрөгч оны тоог дурдъя:
- Ахуйн осол, золгүй байдлаар 189 хүүхэд амиа алджээ
- Гэмт хэргийн улмаас амиа алдсан хүүхдийн тоо 99
- Зам тээврийн ослын улмаас 55 хүүхэд
- Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3 хүүхэд
- Өвчний улмаас 1280 хүүхэд /0-1 насны 878, 1-4 насны 187, 5-14 насны 215 хүүхэд амиа алджээ/
2022 оны төсөвт олон аймагт соёлын төв, бассейн, цэнгэлдэх хүрээлэн баригдахаар тусгагджээ.
Хүний эрхийг, асуудлын чухлыг эрэмбэлцгээе. Цар тахал, эдийн засгийн хямралын үед бидэнд юу хамгийн чухал вэ?